Халдвар авсан хүмүүсийн 69 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
НИТХ-ын ээлжит Х хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Ковид-19” халдварын нөхцөл байдлын тухай байлаа. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар нөхцөл байдал ямар байгааг мэдээлэв.
Аравдугаар сарын 27-ны байдлаар нийслэлийн хэмжээнд батлагдсан тохиолдол 311.038, үүнээс хүүхэд 66.137, жирэмсэн эх 4569 байна. Тэднээс 273.859 хүн эдгэрч, 27.787 хүн гэрээр эмчлэгдэж, 25.177 хяналтад, 6484 хүн эмнэлэгт эмчлүүлж байгааг НИТХ-ын төлөөлөгчдөд танилцууллаа. Мөн НИТХ-ын төлөөлөгчдийн асуусан асуултад хариулт өгсөн юм.
НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр “НЗДТГ-ыг Яармаг дахь шинэ байр руу нүүлгэх шийдвэр гарсан. Одоогоор тус байранд 145 ор бүхий эмнэлэг ажиллаж байгаа. Эмнэлгийг хааш нь шилжүүлэх вэ” гэхэд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Зургаадугаар сарын сүүл үеэс эхлэн Яармаг дахь байранд 145 ор дэлгэж, иргэдийг хэвтэн эмчлүүлж байгаа. Энэ бол богино хугацаанд гаргасан зөв шийдвэр байсан. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 509 хүн тус эмнэлэгт хэвтэж, эмнэлгийн үйлчилгээ авсан. Гэхдээ нэгэнт Засгийн газраас НЗДТГ-ын байрыг нүүлгэх шийдвэр гаргасан тул тус эмнэлгийнхээ үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр нүүлгэх болно” гэлээ.
НИТХ-ын төлөөлөгч Б.Нэргүй:
-Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт найман дүүрэгт Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулна гэсэн зорилт тусгасан. Энэ ажил ямар шатандаа байна вэ. Түүнчлэн цаашид Өрхийн эрүүл мэндийн төвийг чадавхжуулах, бэхжүүлэх зайлшгүй шаардлага тулгамдаж байгаа. Коронавируст халдварын үед онцгой анзаарагдлаа шүү дээ. Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төвийг бэхжүүлэх чиглэлийн ажлыг сонсъё?
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж:
-Дүүргүүдэд Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулах нь зөвхөн нийслэлийн хэмжээнд шийдэх боломжгүй, Засгийн газраас эцэслэн шийдэх асуудал юм. Өрхийн эрүүл мэндийн төвийн чадамжийг сайжруулах, бүтцийг нэмэгдүүлэх зэргийн тухайд ч мөн адил төсөв санхүүгээс шалтгаалсан зүйл олон бий гэсэн юм.
Нийслэлийн хэмжээнд өдөрт халдвар авсан архаг хууч өвчтэй болон жирэмсэн эхчүүдийг шууд эмнэлэгт хэвтүүлж байгаа аж. Өдөрт халдвар авсан хүмүүсийн дунджаар 69 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг мөн үеэр онцолж байлаа.
Сайжруулсан түлшний хэрэглээ гурав дахин өсжээ
Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилт, нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй асуудлын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцууллаа. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд сайжруулсан шахмал түлшний нөөцийн мэдээг хүргэв. Нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 26-ны байдлаар нийт 51.825 тн сайжруулсан түлшний нөөц байна. Зүүн бүсийн дахин боловсруулах үйлдвэр аравдугаар сарын 3-наас ажиллаж эхэлсэн ба одоогийн байдлаар өдөрт 700-1000 тонн сайжруулсан түлшийг гурван шугамаар үйлдвэрлэж буй аж. Түлш борлуулалтын хувьд хүндрэл саатал арилж, нийслэлийн хэмжээнд 511 борлуулалтын цэг ажиллаж байна. Цаашид борлуулалтын цэгийг 600 болгон нэмэгдүүлэх юм.
Ийнхүү сайжруулсан түлшний үйлдвэрлэл, борлуулалт хэвийн байгаа бол тээвэрлэлтийн компаниудын зүгээс гэрээг шинэчлэх, тээврийн зардлыг нэмэгдүүлэх хүсэлтийг удаа дараа ирүүлээд байгаа аж. Одоогийн байдлаар 35 тээврийн компанитай түлш тээвэрлэх гэрээ байгуулсан. Тэдгээр компанийнхан 2020 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн үнэ хөлс, тариф нь өнөөгийн нөхцөлд тохирохгүй байгааг албан ёсоор мэдэгдсэн байна. Түлшний үнэ литр тутамдаа 700-1000 төгрөгөөр өсөж, хил гааль хаасантай холбогдуулан сэлбэг хэрэгсэл, тос тослох материалын үнэ хоёр дахин нэмэгдэж, замын түгжрэл урьдынхаас ихэссэн зэрэг тооцоолоогүй хүндрэлээс үүссэнтэй холбоотой “Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх гэрээ”-ний тарифт өөрчлөлт оруулах хүсэлтийг Монголын сайжруулсан шахмал түлш тээвэрлэгчдийн холбооноос нийслэлийн удирдлагуудад ирүүлээд байгаа аж.
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх:
-Гэр хорооллын иргэдийн зүгээс багагүй гомдол санал хэлж байна. Түлш худалдан авах карт хаана олгож байгаа нь тодорхойгүй, түлш борлуулах цэг хэтэрхий хол байна, долоо хоногт олгож буй зургаан шуудай нүүрс хүрэлцэхгүй байна гэсэн гомдол иргэдээс ирсэн. Энэ ямар учиртай вэ?
Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө:
-Картыг хороодыг түшиглэж олгож байгаа. 189 мянган карт эзэндээ очсон. Гэр хорооллын айлууд картаа авч бараг дууссан байх ёстой. Зургаан шуудай түлш долоо хоногтоо хүрэлцэхгүй байгаа иргэд “Таван толгой түлш” ХХК-д хүсэлтээ гарган нэмүүлж болох юм. Түлш борлуулах цэгийн хувьд одоо хангалттай хэмжээнд хүрсэн. Эхэн үед борлуулалтын цэг цөөн байсан тал бий гэсэн юм.
Түүнчлэн иргэдийн зүгээс сайжруулсан түлшээ зөв түлэх дадал зуршилд суралцах хэрэгтэй байгааг Хотын даргын орлогч онцоллоо. Өнгөрсөн жилийн турш яндан хөөлөх аяныг өрнүүлсэн бөгөөд энэ жил ч үргэлжлүүлнэ гэдгийг тодотгов. Ганц бие өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй, амьдрал хүнд хүмүүст янданг нь хөөлж өгөх зэргээр иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг нь хамгаалахаас аргагүйд хүрдгийг хэлж байлаа.
“Таван толгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар:
-Сайжруулсан шахмал түлшний борлуулалт жилээс жилд өсөж байна. 2019 оны аравдугаар сарын 4-ний өдөр 1040 тонн түлш борлуулж байсан бол 2020 оны мөн өдөр 1100 тонн, энэ онд 2600 тонныг борлуулсан байх жишээтэй. Хэрэглээ гурав дахин өссөн. Энэ нь хямдралтай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Түлшний барьцалдуулагчийг өмнө нь нөөцөлсөн байснаас Эрээний боомт хаагдсантай холбоотой хүндрэл үүсээгүй. Монголын хоёр компани барьцалдуулагч үйлдвэрлэж байгаа. Эдгээр компани нийт хэрэглээний 10 хувийг л хангана. Гэвч барьцалдуулагч тасрах аюул ард үлдсэн. Нисэх орчимд борлуулалтын цэг дутмаг байсныг өнгөрсөн долоо хоногт нэмсэн гэсэн хариултыг өглөө.
Мөн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Налайх дүүрэг дэх зүүн бүсийн үйлдвэрийг бүрэн хэмжээгээр ашиглалтад оруулж, шахмал түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тал дээр бүхий л боломжоор ажиллаж байна. Хотын агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах зорилтыг биелүүлэхэд онцгой үүрэгтэй үйлдвэрийн тулгамдсан асуудлыг бид Засгийн газарт тавьж байгаа. Засгийн газрын хуралдаанаар “Таван толгой түлш” компанийн тодорхой хувийг нийслэл эзэмших нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн. Тэгэхээр энэ оны сүүлчээр асуудал шийдэгдэх байх гэж хүлээж байна. “Таван толгой түлш” компанийн бүтээгдэхүүний үнийн зохицуулалт, бизнесийн зарчмаар явуулах талаар ярилцана" гэсэн саналыг хэллээ.