Дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо
2021.10.20

Дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2021 оны 3 дахь удаагийн ээлжит хурлаа хийлээ.

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, дүүргийн ИТХ-ын дэгийн 4.8-д зааснаар хуралд оролцвол зохих 41 төлөөлөгчөөс танхимаар 23, цахимаар 15 төлөөлөгч оролцож 92 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэлсэн.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
-Хөрөнгө оруулалтын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай

-Өвөлжилтийн бэлтгэл ажил, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай

-Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай

-ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 3-р улирлын үйл ажиллагааны тайлан болоод БГД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүнд эрх бүхий албан тушаалтныг нэмэх тухай болон бусад асуудлыг танилцуулан хэлэлцэв.

Хурлын үеэр БГД-ийн 220 гаруй мянган хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд зайлшгүй шаардлагатай томографын аппарат авах хүсэлтийг холбогдох газарт илгээх асуудлыг төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжлээ.

ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа хуралдааныг хааж хэлсэн үгэндээ: Бүхий л салбарт холбогдох чиг үүргийн байгууллагууд маань хичээн ажиллаж байгаад дүүргийнхээ мянган мянган иргэдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье!

“Ямар ч цаг үед иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг тасралтгүй хэвийн үргэлжлүүлэх үүргийнхээ хүрээнд бид дүүргийн нутаг дэвсгэрт өрнөж буй бүтээн байгуулалт, засвар арчлалтын ажил болоод, төсөв санхүүтэй холбоотой нарийн асуудлууд, өвөлжилтийн бэлтгэл ажил, ковид-19 цар тахлын нөхцөл байдлын талаар авч хэрэгжүүлж буй мэргэжлийн байгууллагуудын арга зүй зэрэг амин чухал асуудлуудаар хуралдаж, холбогдох тогтоол шийдвэрээ гаргалаа.

Улс оронд маань үүссэн онцгой нөхцөл байдалтай холбогдуулж, төрийн дээд байгууллагуудаас гарч буй тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, ард иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг хангах, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бүх нийтийг дархлаажуулах, өвдсөн иргэдээ эмчлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, бүтээн байгуулалтын ажлуудыг түргэтгэх зэрэгт бүхий л салбарт холбогдох чиг үүргийн байгууллагууд маань хичээн ажиллаж байгаад дүүргийнхээ мянган мянган иргэдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье!” гэв.