“Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тухай” хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэнэ
УИХ-ын гишүүн Д.Батлут “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тухай” хуулийн төслийг санаачлан, боловсруулсан бөгөөд УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэгдэхээр боллоо.
2007 онд батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулиар “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч”-ийг тодорхойлсон ч жилд 50 сая төгрөгөөс доош жилийн борлуулалтын орлоготой үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийг орхигдуулсан.
Мөн 2019 онд “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа ч “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэсэн ойлголтоос “Иргэн”-ийг бүр хассан юм.
Д.БатлУТ: Өнөөдөр бичил бизнес эрхлэгч иргэд их хэмжээний орлого олдог байх, олон хүнийг ажилд авсан байх зэрэг хүнд шалгуурт тэнцэж чадалгүй төрөөс олгож буй урт хугацаатай, нэн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадахгүй байна. Үүнээс гадна бизнес эрхлэгчдэд чиглэсэн тодорхой дэмжлэг, бодлогын гадна үлдэж байгаа нь бодит үнэн юм. Гэвч бичил бизнес эрхлэгчид маань өөртөө ажлын байр бий болгож, аливаа халамж авалгүй зүтгэж буй.
Тиймээс бичил бизнес эрхлэгчдийг төрөөс дэмжсэн тусгайлсан хууль эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай гэж үзээд уг хуулийн төслийг анх санаачилсан гэдгээ Д.Батлут гишүүн онцоллоо. Энэ хууль батлагдсан тохиолдолд “Бичил бизнес эрхлэгч”-дэд чиглэсэн тусгайлсан үр дүнтэй бодлого, дэмжлэгүүдийг үзүүлэх бүрэн боломжтой болно.