Монгол Улсын Их Хурал болон Засгийн Газрын гишүүдэд
2009.06.24

Монгол Улсын Их Хурал болон Засгийн Газрын гишүүдэд

ИЛ ЗАХИДАЛ ИЛГЭЭХ НЬ

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа үүрэн телефоны оператор болох Мобиком ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК-уудаас та бүхэнд хандан дараах ил захидлыг хүргүүлж байна.
2009 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Улсын Их хурлын чуулганы хаалттай хуралдаанаар “Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцсэн билээ.

Уг хуулийн төслөөр хэрэглэгчдийн утасны яриаг чагнах нэмэлт тоног төхөөрөмжийг үүрэн телефоны оператор компаниудад суурилуулах, тухайн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг дээрх компаниуд хариуцах талаар хэлэлцсэн бөгөөд энэхүү хуулийн төсөл нь олон улсын эрх зүйн хэм хэмжээ, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн, хүний эрх, эрх чөлөөнд халдсан, олон нийтэд буруу ташаа ойлголт төрүүлэхүйц агуулга бүхий байгаа тул үүрэн телефоны оператор компаниудын зүгээс уг хуулийн төслийг хүлээн зөвшөөрөх боломжгүйгээ үүгээр илэрхийлж байна.

Хүлээн зөвшөөрөх боломжгүй үндэслэл нь

Нэг. Энэхүү хуулийн төсөл нь хэрэглэгчдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Тухайлбал, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12-р зүйлд зааснаар “... Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс оролцохгүй байх, захидал, харилцааны нууцад нь халдах ёсгүй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16.13-т заасан “... Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй..., Иргэний хувийн болон гэр бүл, захидал харилцааны нууц...-ыг хуулиар хамгаална, Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “хувь хүний захидал, харилцааны нууцыг хуулиар хамгаална... гэсэн заалтууд тус тус зөрчигдөж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2-д “Зөвхөн онц болон дайны байдал зарласан тохиолдолд л Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хуулиар хязгаарлаж болно... “ гэж заасан Үндсэн хуулийн зүйл заалттай энэхүү хуулийн өөрчлөлт зөрчилдөж байна.

Хоёр. Төсөл санаачлагчид олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч байна. Дээрх хуулийн төслийг хэлэлцэх явцад хуулийн төслийг санаачлагчдын зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр “... энэхүү хууль батлагдсанаар утасны яриаг хууль бусаар чагнасан, чагнах оролдлого хийсэн тохиолдлыг илрүүлэх боломжтой...” хэмээн олон нийтийг илт төөрөгдүүлсэн мэдээлэл цацагдаж байгаа нь үүрэн телефоны оператор компаниуд хэрэглэгчдийнхээ утасны яриаг чагнаж, хянадаг мэт ойлголтыг шууд төрүүлэхөөр байна. Бид бизнесийн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хүндэтгэн үйл ажиллагаагаа явуулдаг ба өөр бусад санаа, зорилго агуулдаггүй бөгөөд тийм техникийн боломж ч байхгүй. Хууль санаачлагчид уг төхөөрөмжийг суурилуулснаар гуравдагч этгээд бусдын утасны яриаг хууль бусаар дундаас нь чагнаж, тагнаж байгааг илрүүлж, иргэдийн аюулгүй байдлыг хангана гэсэн тайлбар хийж байгаа нь үндэслэлгүй бөгөөд техник, технологийн хувьд боломжгүй зүйл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Гурав. Үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг илрүүлэх чиг үүрэг бүхий байгууллага нь Засгийн газрын харьяанд байдгаараа улс төрөөс хараат үйл ажиллагаа явуулах магадлалтай тул уг чагнах төхөөрөмжийг суурилуулснаар хэн нэг эрх мэдэлтний захиалгаар буюу өөр зорилгоор хууль бус үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Нийгмийн бүхий л түвшинд хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа хуулийн хүрээнд байж, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангалттай хангаж ажилладаг эсэх нь нийгмийн бүхий л түвшинд эргэлзээ төрүүлэхүйц байгаа, авлигын судалгаанд дээгүүр байр эзэлдэг зэргээс шалтгаалж энэ хуулийн өөрчлөлтийн үр дүнд гэмт хэргийн гаралт буурч, түүнийг таслан зогсооход нөлөө үзүүлнэ гэдэг нь итгэл төрүүлэхүйц үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Дөрөв. Иргэд харилцаа холбооныхоо хэрэгцээг зөвхөн үүрэн холбоогоор бус өөр бусад мэдээлэл холбооны маш олон сувгаар дамжуулан хангадаг. Гэмт хэргийн субьектүүд хоорондоо харилцахдаа, тагнах чагнах төхөөрөмж суурилуулсан үүрэн холбоогоор бус харин харилцаа холбооны хяналт тавих боломжгүй өөр сувгуудийг, тодруулбал интернэт, интернетэд суурилсан яриа, нам орбитын сансарын холбоо зэргийг ашиглах боломж нь нээлттэй. Өөрөөр хэлбэл мэдээлэл холбооны бусад сувгийг хянаж, хааж чадахгүй тул хяналтын бүрэн гүйцэд шийдэл болохгүй.

Тав. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал мэдээлэл, харилцааны нууцлалын түвшинд алдагдах эрсдэлтэй. Гар утас хэрэглэгчдийн яриаг чагнах нэмэлт тоног төхөөрөмжийн техник, технологийн шийдлийг гадны аль нэг орны гүйцэтгэгч компанид захиалан гүйцэтгүүлэх бөгөөд энэ нь ямар нэгэн ашиг сонирхол бүхий гадны орнуудын шууд оролцоог бий болгож, тухайн орны болон гүйцэтгэгч компанийн шууд хяналтанд орохыг үгүйсгэх аргагүй.

Зургаа. Төрөөс, гэмт хэргийг таслан зогсоох, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор үүрэн холбооны сүлжээг ашиглан иргэдийн захидал харилцааны нууцад халдаж эхэлбэл Монгол улсын нийгэм эдийн засагт хамгийн том хувь нэмэр оруулж буй энэ салбарт иргэдийн итгэх итгэл, салбарын эдийн засгийн чадавхи буурч, энгийн хэрэглэгч хохирох төдийгүй улсын төсвийн бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлнө гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй.

Долоо. Хувийн өмчийг хуулиар хамгаалдаг. Хувийн хэвшлийн оператор компаниудад уг чагнах төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр худалдан авч суурилуулах үүрэг хүлээлгэх, үгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохоор заасан нь Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг “... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг “Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.4 дэх хэсэг “Гадаадын хөрөнгө оруулагчийн хөрөнгийг гагцхүү нийтийн ашиг сонирхлын үүднээс, зөвхөн хуульд заасан журмын дагуу, ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын үндсэн дээр, бүрэн хэмжээгээр нөхөн төлөх нөхцөлөөр дайчлан гаргуулж болно”, “Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол дайчлан гаргуулсан эд хөрөнгийн нөхөн төлбөрийн хэмжээг түүнийг дайчлан гаргуулсан буюу дайчлан гаргуулах тухай нийтэд мэдэгдэх үеийн үнэлгээгээр тодорхойлно. Нөхөн төлбөрийг саадгүй гүйцэтгэнэ” гэж заасан зохицуулалтуудыг тус тус ноцтой зөрчиж байна.

Иймд та бүхнийг иргэдээ, бизнес эрхлэгчдээ хүндэтгэж, тус хуулийн төсөлд нухацтай хандан бидний саналыг хүлээн авна гэдэгт итгэж байна.

Та бүхнийг хүндэтгэсэн: Мобиком ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.