Түр хорооны хуралдаанаар нийслэлийн хэмжээнд цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонсов
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр /2019.09.13/ 14 цагаас цахимаар хуралдав.
Түр хорооны хуралдаанаар Нийслэлийн онцгой комисс, Эрүүл мэндийн газар, Боловсролын газраас коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцлаа.
Эхлээд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр мэдээлэлдээ, Нийслэлийн онцгой комиссын шуурхай штаб гурван орлогч, зургаан багтай, нутгийн захиргааны 103 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр мэргэжлийн байгууллагуудыг нэгдсэн зохион байгуулалт, удирдлагаар ханган ажиллаж байна. Халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, нийгэм, эдийн засаг, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн орлогыг дэмжих зорилгоор бүх төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад мөрдөх тусгай нөхцөл, шаардлагыг боловсруулан Улсын онцгой комиссоор батлуулан хэрэгжилтэд нь хяналт тавьж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед нийслэл, дүүргийн онцгой комиссын шуурхай штаб, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хариу арга хэмжээнд 8700 албан хаагч өдөр бүр ажлын тусгай горимоор ажиллаж байна гэдгийг дурдав.
Коронавируст халдварын дельта хувилбарын тархалт нэмэгдсэн, хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлж, иргэдийн хөдөлгөөн ихэссэнээр сүүлийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд халдварын тохиолдол эрс нэмэгдээд байна. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард нийслэлд өдөрт хамгийн олон буюу 1877 тохиолдол бүртгэдэж байсан бол есдүгээр сарын 08-ны өдөр 3825 тохиолдол бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн эрүүл мэндийн 41 байгууллага 5413 ор дэлгэж, 5817 хүнийг хэвтүүлэн эмчилж байна. Хан-Уул дүүрэгт шинээр баригдсан хотын захиргааны байранд яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх хүмүүст зориулж 145 ор дэлгэн, хүчилтөрөгчийн хоёр үйлдвэр барьж ашиглалтад оруулаад байна. Цаашид 2000 ор дэлгэх шаардлагатай байгаа бөгөөд эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хүн хүч дутагдалтай байна гэдгийг хэлж байв.