Нийслэлд анх удаа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвийг байгууллаа
2021.09.09

Нийслэлд анх удаа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвийг байгууллаа

Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх зорилтыг тусгасан.

Цар тахлын хүнд үед эдийн засгийн гол салбар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих бодлогын хүрээнд нийслэлд анх удаа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвийг Сэлбэ дэд төвийн байранд байгууллаа. Тус төвийн нээлт болж, нийслэлийн удирдлагууд болон НИТХ-ийн төлөөлөгчид, албаныхан оролцов.

 

Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, НЗДТГ хамтран энэхүү төвийг ашиглалтад оруулж, бизнес эрхлэгч нарт зориулан олон улсын стандартын дагуу тохижуулсан байна.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвөөс нийслэлийн бизнес эрхлэгчид санхүү, маркетинг, хууль эрх зүй, төсөл хөтөлбөр, мэдээлэл технологи, инновацыг хөгжүүлэх, хөдөлмөр зуучлалын зэрэг зөвлөх үйлчилгээг авахаас гадна төрөл бүрийн сургалтын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой.

Үүний зэрэгцээ Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ нь олон улсын байгууллагууд, банк, банк бус санхүүгийн байгууллага, дотоодын топ аж ахуйн  нэгжүүдтэй хамтран бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болох олон талт үйл ажиллагааг шат дараатай эхлүүлэхээр төлөвлөжээ.

Тус салбарт нийт 62.3 мянган жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид бий.

ЖДҮ, үйлчилгээний салбар ДНБ үйлдвэрлэлийн 18 хувийг бүрдүүлдэг.