УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн санаачилгаар “Kick for help” төсөл хэрэгжиж эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг тэгш боломж, шударга нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулж, хүүхэд хаана төрөхөөс үл хамаарч боловсролыг тэгш хүртээмжтэй авдаг болгоход онцгойлон анхаарч ажиллаж буй.
Иймдээ ч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүнээр ажиллаж, үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах тал дээр хэдэн хэдэн чухал ажлуудыг санаачилж ажилласан. Түүний санаачлагаар ХБНГУ-ын “Kick for help” төсөл Монгол улсад хэрэгжиж эхэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Хүүхдийн эрүүл чийрэг бие бялдарыг хөгжүүлэх, нийгэмд зөв төлөвшилтэй иргэн болоход нь спортын арга хэмжээ маш чухал ач холбогдолтой.
Хүүхэд бүрийг спортоор хичээллэхийг дэмжих нь их чухал. Заавал мэргэжлийн тамирчин болох албагүй ч хүүхэд спортоор хичээллэснээр тэсвэр хатуужилтай, багаар ажиллах чадвартай, аливаад тууштай хүн болж төлөвшдөг. Тийм учраас дэлхийн улс орнуудын ЕБС-иудад биеийн тамирын хичээлд их ач холбогдол өгч, спортын дугуйлан секцэнд хүүхэд бүрийг хамруулж, эцэг эхчүүд нь ч их дэмждэг.
Тийм учраас миний бие Европын холбоонд хүсэлт тавьсны үндсэн дээр Европын холбооноос хэрэгжүүлдэг хөгжиж буй улс орнуудын өсвөрийн хөлбөмбөгийг дэмждэг “Kick for help” төсөл Сүхбаатар дүүргийн 2 болон 16 дугаар сургуулиудад хэрэгжиж эхлээд байна. Төслийн хүрээнд дээрх хоёр сургуулийн хөлбөмбөгийн клуб болон хүүхдийн сургалтыг дэмжиж ажиллана.
Цар тахлын нөхцөл байдал намжихаар багш нарыг ХБНГУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаас гадна Герман улсаас багш нар ирж хүүхдийн хөгжилд хувь нэмрээ оруулах юм.
Мөн УИХ дахь Биеийн тамир, спортын бүлгийн даргын хувьд Монголын өсвөр үеийнхний бие бялдарын хөгжлийг дэмжих, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл чийрэг монгол хүн бэлтгэхэд анхаарч, хүүхдийн хөлбөмбөг, хөнгөн атлетик, дугуйн спортыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа гэдгээ Ц.Мөнхцэцэг гишүүн тайлбарлалаа.