ОУ-ын парламентчдын цахим хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсаа төлөөлж УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Д.Өнөрболор нар энэхүү хуралдаанд оролцлоо. Дэлхий нийтээрээ цар тахлын хүндхэн, томоохон сорилттой тулгарч байгаа ч улс үндэстнүүдийн гэр бүл НҮБ-ынхаа дээвэр дор цуглаж, ОУ-ын парламентчдын холбооноос зохион байгуулж байгаа Ази, Номхон далайн улс орнуудад тулгараад байгаа "Ковид-19-ын үеийн хүнсний баталгаат байдал болон шим тэжээл"-ийн асуудал сэдвээр хуралдлаа.
Энэхүү хуралдааныг Олон Улсын Парламенчдын Холбооноос зохион байгуулж, НҮБ-ын ХХААБ, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Испанийн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг болон Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнууд оролцож, тулгарч буй асуудал, даван гарах арга зам, шийдлийн талаар хэлэлцлээ.
Хүний амин чухал анхдагч хэрэгцээ хоол хүнсний баталгаат байдал үгүй бол эрүүл мэндийн, боловсролын, эдийн засгийн хөгжлийн, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудал яригдах боломжгүй юм. Цаашлаад эрүүл, амьд явах наад захын хүний эрхийн асуудал ч мөн ноцтой хөндөгдөх нь гарцаагүй юм.
Цар тахлын сөрөг нөлөө ядуу хөгжил буурай улс орнуудад илүүтэй мэдрэгдэж, тэр дундаа бага, дунд орлоготой, эдийн засгийн хувьд эмзэг өрх гэрүүд, иргэд, тэр дундаа хүүхдүүдэд илүүтэй нөлөөлж байгаа.
Зөвхөн Монгол улсын хувьд л гэхэд КОВИД-19-ийн хямралын үеэр Монгол Улсын нийт өрхийн 72 хувь нь хоол хүнсээ танахад хүрсэн тухай НҮБ-ын ХХААБ-ын судалгаанд дурьдагдсан байгаа.
Энэ хэмжээгээр тухайн өрх гэрүүдийн хоол хүнсний баталгаат байдал алдагдаж, шим тэжээлийн дутагдалд орох эрсдэл өндөр байгаа.
Цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн 2 жилийн хугацаанд улс орнуудын хүнсний бүтээгдэхүүний экспорт, импорт буурч, ачаа тээвэр, ложистикт хүндрэл гарч байгаа зэрэг нь цаашид улс орнууд наад захын хоол хүнсний баталгаат байдлаа хангаж, дотооддоо үйлдвэрлэн бэлтгэдэг байх шаардлагатайг харуулж байна.
Нөгөөтэйгүүр хоол хүнсний баталгаат байдалд маш хүчтэй нөлөөлж байгаа бас нэг хүчин зүйл нь байгаль цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлын асуудал юм. Монгол улс нь далайд гарцгүй цөөхөн улс орны нэг бөгөөд байгаль, цаг уурын өөрчлөлтөд хамгийн ихээр хүчтэй өртөж байгаа орон билээ. Эрс тэрс уур амьсгалтай, дулааны улирал маш богино Монгол орны хувьд газар тариалангийн салбараа хөгжүүлж, хүнсний хэрэгцээгээ дотооддоо хангадаг болох зорилтыг Монгол улсын Засгийн газар амжилттай хэрэгжүүлж байгаа ч цаг уурын өөрчлөлт нь томоохон сорилт болж байна.
Өнөөдрийн цахим хуралд оролцсон улс орнуудын эрхэм хүндэт Парламентчид, НҮБ-ын ХХААБ-ын хамт олон болон бүхий л улс орнууддаа өрх бүр, улс орон бүр өөрийн хэрэгцээт хоол хүнсийг дотооддоо үйлдвэрлэхэд анхаарч, дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд, хойч үедээ сайн сайхан дэлхийг үлдээхийн тулд МОД ТАРИХЫГ УРИАЛЖ байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn