НҮБ хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад залуучуудын оролцоог онцлов
2021.08.13

НҮБ хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад залуучуудын оролцоог онцлов

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил бүрийн наймдугаар сарын 12-ныг  “Дэлхийн залуучуудын өдөр” болгон тэмдэглэдэг. 

Монгол Улс залуучуудын өдрийг 2003 оноос хойш хуульчлан тэмдэглэж ирсэн. Ингэхдээ жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрөөс есдүгээр сарын 25-ны өдрүүдэд Залуучуудын хөгжлийн аяныг улс даяар зохион байгуулдаг. Энэхүү аяныг өнөөдөр нээж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, аймаг, дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн залуучууд, олон нийтийн төлөөлөл оролцов. 

Энэ аяныг анх зохион байгуулахдаа залуусын оролцоо, хөгжил, энх тайван гэсэн үндсэн гурван чиглэлийг онцолж байв. Өмнөх жилүүд буюу 2019 онд “Боловсролын шинэчлэл”, 2020 онд “Дэлхий нийтийн үйл хэрэгт залуучуудын оролцоо” зэрэг онцлог, асуудал хөндсөн уриаг олон улсын хэмжээнд дэвшүүлж байжээ.

Дэлхий нийтээр 2021 онд “Хүнсний тогтолцоог өөрчлөх нь: Хүний болон хүрээлэн буй орчны эрүүл ахуйд залуучуудын оролцоо, инновацыг дэмжих нь” уриаг дэвшүүллээ.