Ж.Сүхбаатар: Парламент ард түмнийг төлөөлөх, хууль тогтоох чиг үүрэгтэй
Монголын парламентад хуульч, эрхзүйгээр мэргэшсэн цөөхөн гишүүдийн нэг бол Ж.Сүхбаатар гишүүн.Тэрээр ард түмний итгэлийг авч хоёр удаа Улсын Их Хуралд сонгогдсон туршлагатай улс төрч төдийгүй хууль санаачлах, батлуулах Улсын Их Хурлын гишүүний гол үүргээ ч сайн биелүүлдэг нэгэн.
Түүний хувьд 2008 онд УИХ-ын хамгийн залуу гишүүн байхдаа төрийн далбааны өдөртэй болох хуулийг нэр бүхий гишүүдийн хамт санаачлан батлуулж, Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж ирсэн билээ.
Ж.Сүхбаатар гишүүн 2008 онд Төрийн далбааны өдөртэй болох хуулийг нэр бүхий гишүүдийн хамт санаачлан батлуулж байсан
Тэрээр энэ парламентад мөн л идэвхтэй ажиллаж байна. Тодруулбал Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг ахалж, батлуулж чадсан.
Бага үндсэн хууль гэгддэг тус хуульд иргэдэд хамгийн ойр нэгж болох баг, хорооны эрх зүйн байдлыг тодорхой болгож, Үндсэн хуульд заасан зарчмын хүрээнд өдөр тутмынхаа тулгамдсан асуудлыг өөрсдөө бие дааж шийдвэрлэх заалт тусгасан байна. Мөн сум дүүрэг нь орон нутгийн өөрийн удирдлагын бие даасан суурь нэгж байж, иргэдийн амьдралын тулгамдсан асуудлууд, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зорилтыг шийдвэрлэх чиг үүрэг, бүрэн эрхтэй байх зэрэг чухал зохицуулалт орсон юм.
Түүнчлэн хаврын чуулганаар Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн ахлагчаар ажиллаж, 27 жил өөрчлөгдөөгүй явж ирсэн тус хууль батлагдсан билээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Ж.Сүхбаатар гишүүн авлигын эсрэг лобби бүлэг ахалж ажилладаг төдийгүй түүний саналаар Авилгын эсрэг хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа АТГ-ын дэд даргын томилгооны нээлттэй сонсголыг энэ оны хаврын чуулганаар явуулж байсан юм. Тэрээр нийгэмд байгаа ёс зүйгүй үйлдэл хүчирхийллийн талаар ч өөрийн байрь сууриа илэрхийлээд зогсохгүй иргэн бүр шудрага шүүхээр шүүлгэх ёстой гэсэн зарчмыг баримталдаг бөгөөд Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий УИХ-ын ХЗБХ-ны Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа.
Хуулийн төсөл боловсруулна гэдэг мэргэжлийн хүний нарийн чимхлүүр ажил. Үүний тулд хууль зүйн техникт сайн суралцсан байх ёстойгоос гадна “Мэргэжлийн ном” гэдэг мэргэжилтэн хүний хамгийн гол багаж, байнгын хэрэглүүр байдаг гэсэн зарчим баримталдаг Ж.Сүхбаатар гишүүн хэд хэдэн хууль, эрхзүйн чиглэлийн мэргэжлийн ном гаргаж амжсан.
Гишүүний хувьд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн төслүүдийн ажлын хэсгийн ахалж байгаагаас гадна бусад нэр бүхий хэд хэдэн хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүнээр завгүй ажиллаж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn