Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуультай танилцлаа
2021.09.02

Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуультай танилцлаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуультай танилцлаа.

Налайх дүүрэгт байрлах тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сургуулийн оюутнуудтай цахимаар уулзаж санал бодлыг нь сонссон юм.

Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль нь уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх боловсон хүчинг бэлтгэж байна. Энэхүү сургууль нь хоёр улсын Засгийн газрын санаачилгаар 2013 онд байгуулагдсан. Монгол Улсын дээд боловсролын шинэчлэлийн загвар сургууль болох зорилготой юм.

Өнөөдрийн байдлаар нийт 270 орчим оюутан суралцаж байгаа бөгөөд хичээлүүд нь англи хэлээр ордог ажээ. Тиймээс энэ сургуулийн оюутнууд мэргэжлээсээ гадна хэлний сайн мэдлэгтэй болж төгсдөг давуу талтай аж.

ХБНГУ-ын Их сургуулиудад оюутан солилцоогоор дадлагажих хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Мөн “Оюутолгой ХХК”, Эрдэнэт ТӨҮГ, “Ачит Ихт “ ХХК зэрэг уул уурхайн томоохон компаниудтай хамтран судалгааны чиглэлээр ажиллаж эхэлсэн гэнэ.

Тухайлбал, “Ачит Ихт” компанитай хамтран зэс болон байгалийн ховор металлийн баяжмалын туршилтыг хийхээр судалж эхэлснээ танилцуулав.

Одоогийн байдлаар “GLEAR” буюу утаагүй зуухны, усны нөөцийн нэгдсэн менежмент зэрэг үр ашигтай 10 гаруй төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: "Боловсролын салбарын шинэчлэлийн багц хуулиудад дээд боловсролын шинэчлэл чухал байр суурь эзэлж байна. Бид салбарынхны байр суурийг сонсохыг тулд шат дараалсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах, санал авах зэргээр хуулийн шинэчлэлийг хийнэ. Тиймээс сургуулийн удирдлага, багш нарын санал бодол хамгийн чухал юм. Тус сургуулийн багш нар төсвийн хараат бус байдлыг хуулийн шинэчлэлд тусгаж өгөх санал" хэллээ.