Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдав
Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр /2021.08.27/ хуралдав.
Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Сарангэрэл, Ц.Сандаг-Очир нар оролцов.
Мөн дэд ажлын хэсгийн гишүүд болох Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хяналт зохицуулалтын газар, Хүнс, хөдөө, аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Азийн хөгжлийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг баталгаатай, чанартай эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнээр хангах, эмийн үнэд зохицуулалт хийх зэрэг өнөөдрийн нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг зохицуулах зорилгоор тус хуулийн төслийг шинэчилсэн найруулгаар боловсруулахаар ажиллаж буй бөгөөд хууль батлагдсанаар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.
Өнөөдөр болсон ажлын хэсгийн хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг эмийн үнэ өндөр байгаа нь айл өрхийн орлогод хүндээр тусаж байна. Эмийн чанар ч Япон, БНСУ гэх зэрэг ойрын орнуудтай харьцуулахад манайд хангалтгүй. БНСУ-ын туршлагаас харахад ямар өвчин илүү их зонхилж буй судалгаа гарч байна, түүндээ үндэслэж тухайн жилд шаардлагатай эм, тариа, тоног төхөөрөмж, төсвийг тодорхойлдог юм байна. Тиймээс хуулийн төслийг боловсруулахдаа нарийвчлан судалж, ямар нэг нөлөөнд автахгүйгээр иргэндээ ээлтэй, өгөөжтэй хууль гаргахыг зорино гэлээ.
Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулан байгуулсан юм. Өнгөрсөн хугацаанд ажлын дэд хэсэг 10 удаа, ажлын хэсэг нэг удаа хуралдаж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэж байна. 1998 онд анх бие даасан Эмийн тухай хуулийг баталж, 2001, 2002 онд тус тус нэмэлт өөрчлөлт оруулж, 2006 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болгон өөрчилсөн ба Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг 2010 онд шинэчлэн баталсан юм