Т.Мөнхсайхан: Хавдрын шинэ эмнэлгийн зураг төслийг 3 тэрбумаар хийнэ
2024.11.11

Т.Мөнхсайхан: Хавдрын шинэ эмнэлгийн зураг төслийг 3 тэрбумаар хийнэ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр /2024.11.11/ Засгийн газрын 11-11 төвд ажиллаж байна. Түүнээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Салбарын сайдын хувьд Эрүүл мэндийн даатгалын сан асар их алдагдалтай байна гэдгийг хэлж байсан. Ирэх оноос даатгалын сангийн нөхцөл байдал дээрдэх үү?

-Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрөх ёстой мөнгө 2021 оноос хойш гүйцэт төвлөрөөгүй. Цар тахлын үед зарцуулсан тэр их санхүүжилт ЭМДС-д төвлөрөөгүйгээс үүдэн гурван жилийн хугацаанд 218 тэрбум төгрөгийн алдагдалд орсон. Энэ оны эхний улиралд зардал их гарсан учраас 2024 оны 11, 12 дугаар сард зарцуулах ёстой мөнгөө оны эхэн рүү татсан. Тиймээс ЭМДС-гийн санхүүжилт оны сүүлчээр хүндхэн байдалтай байна. Гэхдээ ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн байгууллагуудад цалин мөнгө, урамшууллыг олгож чадахааргүй хэмжээнд хүрээгүй. Зарим нэг эмнэлгийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгслийн өрний асуудал бий. Энэ асуудлуудыг ирэх онд шийдэгдэх түвшинд улсын төсөв батлагдсан.

Өнгөрсөн  хугацаанд төвлөрсөн 218 тэрбум төгрөгийн авлагыг 2025 оны төсөвт тусгаж чадсан. Дээрээс нь энэ оны эхэнд ЭМДС-гаас их зарцуулалт хийснээс болж 2024 онд 200 орчим төгрөгийн алдагдалтай ажилласан.

Үүний 90 хувийг 2025 оны төсөвт тусгаж чадсан учраас ЭМДС-гийн үйл ажиллагааг хэвийн байдалд оруулах боломжтой. Тодорхой хэмжээний зохицуулалтыг хийх ёстой. Даатгалын сан дээр их хэмжээний санхүүжилтыг төвлөрүүлсэн ч нөгөө талдаа сангийн мөнгөн урсгалыг оновчтой, зөв болгоход анхаарах ёстой. Хүний оролцоо багатайгаар санхүүжилтыг өгдөг тогтолцоог бий болгох шаардлагатай. Мөн эрүүл мэндийн байгууллагууд нэн шаардлагатай тусламж үйлчилгээндээ илүү анхаарч, санхүүждэг тогтолцоо руу шилжих нь зүйтэй.

-Ирэх оны төсөвт эрүүл мэндийн салбарын хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтыг  тусгасна. Гэвч Хавдрын шинэ эмнэлгийн санхүүжилтыг тусгаагүй нь олны шүүмжлэлд өртсөн. Шинэ эмнэлгийн зураг төслийг хийх компанийг шалгаруулсан уу?

-Эрүүл мэнд гэхээр эмнэлэг барьдаг тогтолцооноос салах ёстой. Гэхдээ Монгол Улсад барьж байгуулах ёстой хэд хэдэн томоохон эрүүл мэндийн төвүүд бий. Жишээлбэл, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв бол үндэсний хэмжээнд зайлшгүй байх ёстой. Энэ төвийн зураг төсвийг хийж, батлагдсан. Бүх зүйл нь тодорхой учраас улсын төсөвт суулгаж, барилгынх нь ажлыг эхлүүлсэн. Зүрх судасны үндэсний төвийг 2025 онд барьж эхэлнэ. Зураг төсөл, ТЭЗҮ-г нь баталсан учраас ирэх онд Азийн хөгжлийн банкны санхүүжилт болон Люксембургийн Их гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барина.

Харин Хавдар судлалын үндэсний төв-2 эмнэлгийг барих зураг төслийг нь хийх "Бодь" компани дөнгөж шалгарчихаад байна.

Зураг төсөл, ТЭЗҮ, тоног төхөөрөмжийн зардлыг тодорхой болгосны дараа улсын төсөвт тусгахгүй бол үр ашиггүй хөрөнгө оруулалт болно. Шинэ эмнэлгийн зураг төслийг Эдийн засаг, хөгжлийн яам дээр гурван тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Тендерийг хоёр удаа зохион байгуулж, 2024 оны аравдугаар сарын 20-нд зураг төслийг нь гүйцэтгэх компани нь шалгарсан. Уг шинэ эмнэлэг барихад нийт 450-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Том хэмжээний барилга байгууламж учраас зураг төсөл дээр хугацаа орох болов уу.

-ЭМДЕГ-ын даргыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа. Шинэ дарга томилох асуудлыг хэзээ шийдвэрлэх вэ?

-Тус газрын даргын үүргийг хуулийн дагуу тухайн байгууллагын Тамгын газрын дарга хавсран гүйцэтгэж байна. Ер нь цаашдаа энэ асуудалд анхаарч, санхүү болон эрүүл мэндийн салбарын мэдлэг, туршлагатай хүнийг томилох нь чухал. Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг үр өгөөжтэй, иргэдэд ээлтэй зарцуулах мэдлэг, чадвартай хүмүүсээр удирдуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа хэр оновчтой, зөв байх вэ гэдэг нь удирдлагуудтай маш их холбоотой. Цаашдаа энэ асуудалд анхаарч, ажиллана.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв дээр үүссэн асуудалтай холбоотой өргөдөл гомдлыг Эрүүл мэндийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн газарт ирүүлсэн. Үүний дагуу шууд харьяаллын дагуу нийслэлийн Эрүүл мэндийн газраас газар дээр нь ажиллаж, удирдлагыг нь чөлөөлж, сэлгэн ажиллуулсан.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил