М.Оюунчимэг: Хөнгөлөлттэй эм бичүүлэх гэсэн оочер дугаар, эм дууссан гээд өгдөггүй байдал бүрэн арилсан
УИХ-аар өнгөрсөн 7 дугаар сард Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөнгөлөлттэй эмийг иргэддээ хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэх ажлыг эхлүүлсэн.
Хуулийн хэрэгжилтийн дагуу хөнгөлөлттэй эм болон эмнэлгийн үйлчилгээ ард иргэдэд хэрхэн хүрч байгаатай УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд танилцаж, тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлүүлсэн талаарх мэдээллийг 12-р сарын 22 нд болсон байнгын хорооны хорооны хуралдаанаар сонссон юм.
Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг ахалж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, С.Ганбаатар, С.Одонтуяа, Л.Энх-Амгалан болон Эрүүл мэндийн яамны удирдлагууд ажиллажээ.
Ажлын хэсэг ажиллаад гарсан шийдвэр, цаашид авах арга хэмжээний талаар Ажлын хэсгийн ахлагч, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.
Хөнгөлөлттэй эмээ бичүүлж авах гэсэн иргэд, өндөр настнууд сар бүрийн эхээр анхан шатны эмнэлгүүдэд зохиомол ачаалал үүсдэг, эмийн сангууд ч дууссан гэдэг шалтгаанаар тэр бүр эмийг нь өгдөггүй чирэгдэл болдог байдал өнөөдөр арилсан уу?
Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Багахангай, Налайх дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эмнэлгүүд, эмийн сангууд, Эрүүл мэндийн даатгалын газар зэрэг байгууллагуудад Ажлын хэсэг ажиллаад хууль хэрэгжиж эхэлсэн эхний өдрүүдэд хөнгөлөлттэй эмийн жор бичүүлэх гэсэн хүмүүсийн бөөгнөрөл үүсэх, бичүүлсэн нэг жороор 2 өөр эмийн сангаас эмээ хувааж авах боломжгүй болох, хурууны хээ уншигчийн программ гацах, зарим эмийн сангууд зөвшөөрөл аваагүй гэх шалтгаанаар хөнгөлөлттэй эмээр үйлчлээгүй зэрэг ард иргэдэд хүндрэл учруулсан асуудлууд үүссэнийг хугацаа алдалгүй шийдвэрлэх үүргийг холбогдох газруудад өгч, арилгуулсан.
Мөн иргэдийн тавьж буй гомдол саналын дагуу нийлмэл найрлагатай зарим эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад нэмж оруулснаар жагсаалтыг шинэчлэн 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэх, ховор тохиолдох өвчний улмаас өндөр үнэтэй эм байнга хэрэглэдэг хүмүүст тухайн эмээ хөнгөлөлтөөр авдаг болох, улсын хэмжээнд ажилладаг эрүүл мэндийн даатгалын ажилтны тоо 50 байсныг 105 болгож хүний нөөцийг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг 10 тэрбумаар нэмэгдүүлж, тэгш хүртээмжийг хангах, 3382 эмч жор бичдэг байсан бол 6500 орчим болгон өргөжүүлж, ачааллыг арилгах, хөнгөлөлттэй эм худалдаалах эмийн сангуудын тоог нэмэгдүүлснээр бүх шатлалын улсын болон хувийн 1600 гаруй эмийн сан сарын бүх хоногуудад хөнгөлөлттэй эмээр үйлчлэх зэрэг ахиц дэвшил гарсныг онцлоё.
Хуульд өөрчлөлт оруулснаар эмийн талаар төрөөс баримтах бодлого ийнхүү тодорхой, цэгцтэйгээр иргэнд хүрч хэрэгжиж эхэллээ. Сар бүрийн эхээр хөнгөлөлттэй эм бичүүлэх гэсэн хүмүүсийн оочер дугаар анхан шатны эмнэлгүүдэд үүсэж, эмийн сангууд ч эм дууссан гээд өгдөггүй иргэдийг бухимдуулдаг нөхцөл байдал өнөөдөр бүрэн арилсныг та бүхэн анзаарч байгаа байх. Цар тахлын үед ч энэ нь тун зөв шийдэл болсон.
Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт мөн коронавирусийн халдвар авсан эрүүл мэндийн ажилтнуудын нөхцөл байдлын талаарх мэдээллийг цахимаар сонсож байсан. Үүний дагуу ямар арга хэмжээ авагдсан бэ?
Ажлын хэсэг явцын дунд цаг үеийн асуудалд ч анхаарал хандуулсан. Тухайлбал эмнэлэг өөрөө халдварын голомт болчих вий гэдгээс сэргийлэх шаардлага яах аргагүй тулгарч байна. Бид ХӨСҮТ-ийн ажлын уялдаа, зохион байгуулалт, нөхцөл байдлын талаар бодитой мэдээлэл авч, хүндрэл үүсэхээс сэргийлэх чиглэлээр ажиллах тодорхой үүрэг, чиглэлийг өгсөн.
Өөрөөр хэлбэл, халдварын голомттой эмнэлгүүдэд ажиллаж буй эмч нарын ачааллыг тэнцвэржүүлэх, анхан шатны нэгж, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд халдвар хамгааллын хэрэгсэл дутагдалтай байгааг анхаарах, нэн ялангуяа улсын болон хувийн эмнэлгүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, ажиллах орчны нөхцөл байдлыг сайжруулах тал дээр онцгойлон анхаарах, эрүүл мэндийн цахим үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шуурхай ажиллах чиглэлийг Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтнуудад өгсний дагуу арга хэмжээ аван ажиллаж байна.
Байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулагдан ажилласнаар тулгамдсан өөр ямар асуудлыг шийдвэрлэсэн бэ?
Цар тахлын нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдөж буй учир эмнэлгүүдийг голомт болохоос урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авах, цаашид орлого нь тасарч, татаас авч болзошгүй эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаанд анхаарах, хөдөө орон нутгийн иргэд хурууны хээ уншуулж байж хөнгөлөлттэй эм авдаг асуудалд уян хатан хандах эрх зүйн орчин бий болгох, сум, багт эмийн хангалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар холбогдох байгууллагын албан тушаалтнуудтай ярилцсаны дагуу шийдвэрлэх шатандаа явж байна.
Эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотойгоор ард иргэд, нийгмийн амьдралд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар мөн Нийгмийн бодлогын байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөн ажиллаж байна.