2021.08.24

УИХ-ын 18, 28-р тойрогт нөхөн сонгууль болно

Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон Д.Сумъяабазар гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болсон бол Хэнтий аймгийн 18 дугаар тойргоос сонгогдсон У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон учраас УИХ-ын 18, 28 дугаар тойрогт  нөхөн сонгууль явуулах шаардлага үүссэн. 

Ийнхүү 2021 оны долдугаар сарын 06-ны өдрийн УИХ-ын ээлжит чуулганаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  хэлэлцэж баталсан билээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт “Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана” гэсэн байдаг. Үүний дагуу Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр байхаар тогтоолын төсөлд тусгасан юм.

Харин УИХ-ын 28-р тойрогт явуулах нөхөн сонгуулийг Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган 2021 оны зургаадугаар  сарын 09-ны өдөр явуулахаар УИХ-ын тогтоолын төсөл батлагдсан байлаа. Энэ тогтоолын төслийг  УИХ-ын чуулганы 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар өөрчлөлт оруулан  энэ оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар тогтоосон.

Ийнхүү дээрх хуулийн зохицуулалтын дагуу УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгууль 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдана. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn