Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг товлон зарлахыг дэмжлээ
2021.07.06

Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг товлон зарлахыг дэмжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 ээлжит сонгуульд саналаа өгсөн нийт сонгогчдын олонхын санал авсан нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хуралд тангараг өргөж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлсэн эхэлсэн.

Ийнхүү Улсын Их Хурлын гишүүний орон гарсан тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох, тухайн тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах, сонгуульд техник хэрэгсэл хэрэглэхийг Улсын Их Хурлаас тогтоож өгөх нөхцөл үүссэн учраас Сонгуулийн ерөнхий хорооны саналын үндэслэн Улсын Их Хурлын тогтоолуудын төслийг боловсруулсан талаар Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулсан юм.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаанд Сонгуулийн ерөнхий хорооны дарга, зарим гишүүд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцов.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт “Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана” гэсний дагуу Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2021 оны долоодугаар сарын 09-ний өдрөөс эхлэхээр товлон зарлахаар, санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр байхаар тогтоохоор уг төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь тогтоолын төслийг дэмжлээ.