УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Хөвсгөл далайн эрэг дээр “Найрамдал-2” зуслан баригдана
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 6 сарын 1-ний өдрийн хуралдааны 205 дугаар тогтоолоор Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт олон улсын “Найрамдал-2” зусланг байгуулахаар шийдвэрлэсэн.
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд олон улсын “Найрамдал-2” зусланг Хөвсгөл нуурыг түшиглэн барихаар тусгагдсан байдаг. “Найрамдал-2” зуслангийн барилгын ажил ирэх жилээс буюу 2022 оноос эхлэх юм. Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Найрамдал-2” зуслангийн төслийн хүрээнд хийгдэх ажлууд, явцын талаар уг төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяртай уулзаж санал солилцжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 5 сарын 14-ний өдрийн А/122 дугаар тушаалаар олон улсын “Найрамдал-2” зуслан байгуулах зориулалтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын “Хайчийн ам” нэртэй байршилд 60 га газар олгогдоод байна.
Барилга хот байгуулалтын яамнаас олон улсын “Найрамдал-2” зуслан байгуулах зураг төсөл боловсруулах ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулж “Эм эс эл” ХХК шалгарч, гэрээ байгуулан ажлаа эхлээд байгаа аж. “Найрамдал-2” зуслан нь нийт 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай өвөл болон зуны хотхон, Соёл урлагийн ордон, Сургалт, хөгжлийн ордон, Эмнэлгийн байр, Хоолны газар, Гадаад, дотоодын зочид төлөөлөгчид байрлах зочин буудал, Гадна байгууламж, тохижилт, Ажилчдын орон сууц, Автограж зэрэг цогц бүтээн байгуулалт болно гэдгийг Л.Мөнхбаатар гишүүн онцоллоо.