АБГББХ-ны дарга Б.Баттөмөр Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр өнөөдөр (2021.07.09) Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Б.Баттөмөр Монгол, Америкийн Стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид улам бататган шинэ шатанд гаргахын төлөө байгаагаа тэмдэглэв. АНУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг Монгол Улсад дахь үйл ажиллагаагаа сэргээж, Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яаманд USAID-ийн төлөөлөгчөө дахин томилсон, Ковид-19 цар тахлын үед АНУ-ын төр засгаас Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллаж байгаа зэргийг онцлов.
Мөн Мянганы сорилтын корпорацтай байгуулсан Хоёр дахь Компакт гэрээг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хуваарийн дагуу явагдаж байна. Монголын тал уг гэрээг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж байгааг хэллээ.
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески хоёр орны харилцаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж байгаатай санал нэг байна. АНУ-ын Конгресс, Монгол Улсын Их Хурал хоорондын харилцаа идэвхтэй хөгжиж байгаа нь хоёр улсын улс төрийн харилцааг бэхжүүлэхд чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэлээ.
Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх ажлын хүрээнд АНУ-ын Засгийн газрын Хөгжлийн санхүүжилтийн корпорацаас тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн хоёр улсын иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх үүднээс Дархан-Уул аймагт АНУ-ын Соёл, мэдээллийн төвийг байгуулснаа уламжлав. Мөн АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газрыг нээж ажиллуулах шийдвэр гаргасанд баяртай байгааг илэрхийлсэн юм.
Уулзалтаар талууд улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо