ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2021 оны ээлжит хурал өндөрлөж, Парламентын Ассамблейн шинэ Ерөнхийлөгч сонгогдлоо
2021.07.07

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2021 оны ээлжит хурал өндөрлөж, Парламентын Ассамблейн шинэ Ерөнхийлөгч сонгогдлоо

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагаа байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн энэ оны ээлжит хурлын хаалтын нэгдсэн хуралдаан өчигдөр (2021.07.06) цахимаар зохион байгуулагдлаа. 

Хуралд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар тэргүүтэй тус бүлгийн гишүүд болох Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нар оролцов.

Нэгдсэн хуралдааныг нээж Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Лорд Боунесс, ЕАБХАБ-ыг даргалагч Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Анн Линдэ нар үг хэлж, хуралдаанаар олон улсын сонгууль ажиглагчдын баг, түр хороо, тусгай төлөөлөгчдийн үйл ажиллагааны тайланг тус тус танилцуулж хэлэлцэв.

Түүнчлэн, энэ удаагийн хурлаар ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Товчооны шинэ Ерөнхийлөгч, шинэ гишүүдийг сонгох сонгууль явагдлаа. Цахимаар 30 цаг үргэлжилсэн албан тушаалтнуудын тус сонгуулийн нууц санал хураалтын дүнг хаалтын нэгдсэн хуралдааны төгсгөлд танилцуулсан. Парламентын Ассамблейн шинэ Ерөнхийлөгчөөр Швед Улсын парламентын гишүүн Маргарета Цедерфельт, Дэд Ерөнхийлөгчөөр Финлянд, Герман, Казахстан, Австри, Кипр Улсын парламентын гишүүд тус тус сонгогдсоныг зарлав. 

Тус хаалтын нэгдсэн хуралдааны өмнөх өдрүүдэд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн гурван ерөнхий хороо цахимаар хуралдаж, цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлсэн үр нөлөө, шилжилт хөдөлгөөний тогтвортой менежмент, КОВИД-19 цар тахлын дараах олон талт дипломат ажиллагаа, ЕАБХАБ-ын бүс нутаг дахь удаан үргэлжилж буй зөрчилт мөргөлдөөн зэрэг асуудлаар хороодын илтгэгчдээс ирүүлсэн тайланг хэлэлцэн харилцан санал солилцсон