МАН-ын Бага хурлаар нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчдээ хэлэлцжээ
2021.08.05

МАН-ын Бага хурлаар нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчдээ хэлэлцжээ

Монгол ардын намын Бага хурлын XII хуралдаан өнөөдөр цахимаар болов. Хурлыг нээн Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үг хэлжээ.  

Тус хуралдаанаар Улсын Их Хурлын  18,  28 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай, сонгуульд өрсөлдөх хүний нэрийг дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журмыг хэлэлцэн баталлаа.

Нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн заалттай.

Иймээс Монгол ардын нам УИХ-ын 18, 28 дугаар тойрогт ирэх аравдугаар сард болох нөхөн сонгуульд оролцохоо Бага хурлын XII хуралдаанаар эцэслэн шийдвэрлэлээ.

Дээрх хоёр тойрогт нэр дэвшүүлэх хүнийг сонгохдоо социологийн судалгаанд үндэслэнэ, анхан шатны намын байгууллагын саналыг харгалзана, намын гишүүдийн саналыг сонсоно гэж ярилцжээ. Хурлын ирц 71 хувь байсан байна.  

2020 онд болсон УИХ-ын сонгуульд 18-р тойргоос нэр  дэвшин, УИХ-ын гишүүн болсон У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан. УИХ-ын 28-р тойргийн хувьд Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний ажлаа өгч, хотын дарга болсон тул нөхөн сонгууль явуулах шаардлага үүсэв.    

Ирэх сарын 1-нд эдгээр тойрогт нэр дэвшин өрсөлдөх улс төрчдийн нэрс тодорсон байх ёстой юм.