Тайлант хугацааны аудитын дүнд нийт 12.8 их наяд төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлсэн
Хуралдааны төгсгөлд Төрийн аудитын байгууллагын 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Энэ талаар Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан.
Төрийн аудитын байгууллага 2020 оныхоо үндсэн зорилтыг “Эрх зүйн орчин, стандартын шинэтгэлийн жил” гэж тодорхойлоод Төрийн аудитын байгууллагад 30 гаруй хуулиар аудит хийх чиг үүргийг хариуцуулсан бөгөөд хуулийн шинэчлэлийн дагуу тайлант хугацаанд 20 гаруй дүрэм журмыг шинэчлэн боловсруулж баталснаас аудитын үйл ажиллагаатай холбоотой 12 журам, зааврыг мөрдөж байгааг дурдлаа.
Төрийн аудитын байгууллага 2020 онд 4141 аудитыг хийж дүгнэлт, тайлан гаргаснаас бүх шатны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлангийн 3825 дүгнэлт гаргасан бол гүйцэтгэлийн 160 аудитад 6889, нийцлийн 156 аудитад 14660 шалгагдагч болон аудитад холбоотой хуулийн этгээдийг хамруулан төрийн хяналтыг хэрэгжүүллээ. Тайлант хугацааны аудитын дүнд нийт 12.8 их наяд төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлсэн бол түүнээс 4.6 их наяд төгрөгийн алдааг шалгалтын явцад залруулан цаашид даамжирч үр дагавар үүсгэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж зөвлөн тусалсан гэдгийг Д.Занданбат дарга танилцуулгадаа онцолсон.
Түүнчлэн нийт 43.1 тэрбум төгрөгийн төлбөрийн акт, 2.3 их наяд төгрөгийн албан шаардлага, 3.8 их наяд төгрөгийн зөрчлийг арилгахад чиглүүлэн үйл ажиллагааны зохион байгуулалт, санхүү нягтлан бодох бүртгэл, дотоод хяналт, хууль тогтоомжийн нийцэлтэй байдлыг хангуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж зорилтот үр дүнд хүрч ажиллахыг үүрэгжүүлэн шалгагдагч болон хамрагдагч байгууллагын холбогдох албан тушаалтанд нийт 9890 зөвлөмж өгсөн. Төрийн хяналтыг гүйцэтгэх явцад илэрсэн нийт илрүүлэлтийг бүлэглэн авч үзвэл 58.1 хувь нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналтай холбогдож байгаа бол улс, орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлтэй холбоотой зөрчил 19.2 хувь, харин дотоод хяналтын тогтолцоо сул, хяналтгүй байдалтай холбогдох 8.1 хувь, хууль тогтоомжийн хэрэгжилт илтэд хангалтгүй байгаа асуудал 9.2 хувийг тус тус эзэлж байгааг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдсан.
Төрийн аудитын байгууллагаас хэрэгжүүлэх стратегийн зорилт, улс, нийгэмд учирсан цаг үеийн тулгамдсан нөхцөл байдал, өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэх аудитынхаа үр нөлөөг чухалчлан 2021 оны үндсэн зорилтыг “Аудитыг цахимжуулж нэгтгэн удирдах тогтолцоог бүрдүүлж, төлөвшүүлэх” жил болгож үндсэн чиглэлээ тодорхойлсон гэж байлаа.
Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Ч.Хүрэлбаатар, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор хэлсэн үгэндээ, УИХ-аас “Албан хаагчдын ажлын байрны сургалт, чадавхжуулахад анхаарах талаар чиглэл өгсөн”-ийг Үндэсний аудитын газар сайн хэрэгжүүлж, төв болон орон нутагт ажиллаж байгаа бүх албан хаагчдаа цахимаар сургах системийг нэвтрүүлж, кридет олгодог болсон зэрэг төрийн чадамжийг нэмэгдүүлэх сайн жишээ тогтоож ажиллажээ гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Ц.Наранчимэг гишүүдийн асуултад хариулахдаа, 2020 онд төрийн аудитын байгууллагаас 1934 төлбөрийн акт тогтоосноос биелэлт нь 85 хувьтай, 3300 албан шаардлага хүргүүлснээс биелэлт нь 75 хувьтай, 9890 зөвлөмж хүргүүлснээс хэрэгжилт нь 93 хувьтай байгааг тодотгоод Улсын Их Хурал, Авлигатай тэмцэх газар, Шадар сайд, Барилга, хот байгуулалтын сайд гэсэн дөрвөн төсвийн ерөнхийлөн захирагчид 2020 оны зөвлөмжийг 100 хувийн биелэлтэй хэрэгжүүлсэн гэдгийг онцолж байлаа. Мөн тэрбээр, төрийн аудитын байгууллагаас актын хэрэгжилтийг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцуулах саналыг дээд шатны төсвийн захирагчид хүргүүлдэг болсноор биелэлтийн үзүүлэлт жил ирэх тусам сайжирч байгааг тодотгож байлаа.
Харин Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат, хуулийн байгууллагад шилжүүлсэн асуудалд нийтдээ 560 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан гэдгийг тодотгоод аудитын байгууллагаас өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулахад онцгойлон анхааран ажиллаж байгаа гэсэн нэмэлт тайлбарыг өгөв