Хүний эрхийн Үндэсний Комиссын 2022 оны төсвийн төслийг хэлэлцэв
2021.07.07

Хүний эрхийн Үндэсний Комиссын 2022 оны төсвийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.07.06) хуралдаан 09 цаг 08 минутад Улсын Их Хурлын 15 гишүүн ирцэд бүртгүүлснээр цахимаар эхэлж,  Хүний эрхийн Үндэсний Комиссын 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж, энэ талаар тус Комиссын гишүүн Г.Нарантуяа танилцуулав.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс /цаашид “Комисс” гэх/ улсын төсвөөс санхүүжнэ. Комиссын дарга жилийн төсвийн төслийг төлөвлөн Улсын Их Хурлын даргад хүргүүлэх бөгөөд төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ. Комиссын дарга Байнгын хороогоор зөвшөөрөгдсөн төсвийн төслийг улсын нэгдсэн төсвийн төсөлд нэгтгүүлэхээр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасан хугацаанд хүргүүлнэ” гэж заасан байдаг. Төсвийн төслийг боловсруулахдаа Жендэрийн тэгш байдлын тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон эдгээр хуулийн дагуу Комиссын чиг үүрэг нэмэгдэж, бүтэц өргөжсөнтэй холбогдуулан 5,793.7 сая төгрөг байхаар төсөвлөснөө танилцуулсан. Тус Комиссын ирэх оны төсвийн төсөлд Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын Төсвийн хяналт шинжилгээний газраас дүн шинжилгээг хийснийг Байнгын хорооны хуралдаанд мөн танилцуулсан.

 Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Комиссын орон тоог эрх зүйн шинэчлэлтэй холбогдуулан нэмэх шаардлага бий ч зохистой хэмжээнд байлгах ёстой гэдэг байр суурийг илэрхийлэн, төсвийн төслийн төлөвлөлтийг шүүмжилж байв. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд төслийг төлөвлөсөн байдлаар дэмжих боломжгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн.

    Комиссын үндсэн үйл ажиллагааны зардал буюу судалгаа явуулах, шинжээч томилох зэрэг зардлуудыг зайлшгүй шаардлагын үүднээс нэмэгдүүлэн төлөвлөсөн гэдэг тайлбарыг ажлын хэсгээс өгч байв. Тус Комиссыг анх байгуулагдахад бүх зардлыг НҮБ-ын төслөөс санхүүжүүлж байсан учраас үйл ажиллагааны зардал, төсөв улсын төсөвт тусгагддаггүй байсан гэлээ. Тус байгууллагын үндсэн хөрөнгийн 99 хувь нь актлагдахаар байгааг мөн хэлж байсан. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ирэх оны төсвийн төслөө өмнөх оныхоос гурав дахин нэмэгдүүлж, төсөөлсөн байгааг шүүмжиллээ.

Улсын Их Хурлаас 2020 онд баталсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, 2021 онд баталсан Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хэрэгжүүлэх, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх шинэ бүтцийг байгуулах шаардлагатай. Эдгээр механизмийг шинээр эхлүүлэх, хэвшүүлэх зардал болон захиргааны ажилтнуудынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг төсөвт тусгасан гэдэг тайлбарыг ажлын хэсгээс өгсөн. Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар төсвийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Өнөөдрийг хүртэл Монгол Улс хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаагаа гадны зээл, тусламжаар санхүүжүүлж ирснийг дурдав. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шинэ институциуд байгуулах үүргийг өгсөн, үүнийг хэрэгжүүлэхэд төсөв шаардлагатай гэдгийг хэлж байлаа. Ийнхүү Байнгын хорооны гишүүд Хүний эрхийн Үндэсний Комиссын 2022 оны төсвийн төслийг хэлэлцээд, санал хураалт явууллаа. Хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны гишүүдээс гаргасан саналуудыг төсвийн төсөлд тусган, төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.