Үндсэн чиглэл батлагдлаа
Өнөөдрийн УИХ-ын ээлжит чуулган гишүүд ирц бүрдээгүйгээс цагаасаа жаахан хоцорч эхэллээ.
Чуулганы эхэнд Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Хууль санаачилагчидад хуулийн найруулгыг сайжруулж, редакторлахыг даалгалаа.
Одоо Хууль зүйн яамнаас боловсруулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай гишүүд хэлэлцэж байна. Энэ хууль ач холбогдол, агуулгын хувьд ч нилээд томохон хууль бөгөөд манайд бол “цоо шинэ” хууль юм.
Өнөөдрийн чуулганаар дээрх хуулиас гадна Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэх, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэх эсэх, Малчдын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл анхны хэлэлцүүлэг, Газар тариалангийн бүс нутаг тогтоох тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэх асуудал зэргийг хэлэлцэх ёстой юм.