Хуулийн төслүүд өргөн барилаа
Засгийн газраас санаачлан боловсруулсан хоёр хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Б.Долгор өнөөдөр өргөн барилаа.
Даатгалын тухай хуулийг 2004 онд шинэчлэн баталснаас хойш манай улсад даатгалын шинэ төрлийн үйл ажиллагаа нэмэгдэн, хамрах хүрээ, зах зээл нь өргөжихийн хэрээр даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, даатгагчийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, даатгалын зах зээлийн харилцааг олон улсын тогтолцоонд нийцүүлж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага тулгарч байгааг харгалзан Засгийн газар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулжээ. Одоогоор Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 16 компанийн дийлэнх хувь нийлүүлэгчид нь шууд болон шууд бусаар банкны хувь нийлүүлэгчидтэй холбоотой байгаа учраас даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, даатгагчийг санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх зорилгоор хуульд “холбогдох этгээд” гэсэн нэмэлт оруулахаар төсөлд тусгасан байна. Мөн даатгалын компанийн санхүүгийн эрсдлийг даван туулах гол арга болох нөөц сангийн хөрөнгийг даатгалын багц дүрэмд зааснаас өөрөөр зарцуулах, дүрмийн сангийн болон нөөц сангийн мөнгөн хөрөнгийг холбогдох этгээд болон түүний үүсгэн байгуулсан банкинд байршуулахыг хориглохоор заажээ. Түүнчлэн даатгалын компанийн дүрмийн сангийн доод хэмжээг даатгалын үйл ажиллагааны төрөл, онцлогийг харгалзан тогтоох эрхийг Санхүүгийн зохицуулах хороонд олгосон заалтыг хуульд нэмэхээр тусгасан байна.
Хоёр орны Засгийн газар хоорондын тохиролцооны дагуу талуудын нөөц бололцоог илүү үр бүтээлтэй ашиглаж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэн, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, техникийн шинэчлэл хийхэд чиглэсэн хоёр талын төслүүдийг санхүүжүүлэх, улаан буудай болон хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүнийг нийлүүлэх ажлыг хэрэгжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор манай улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцох санамж бичигт энэ оны гуравдугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан юм. Энэхүү санамж бичгийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Атрын 3 дахь аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг дэмжих, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилгыг хангах үүднээс ОХУ-ын Засгийн газраас 300 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг авч ашиглахаар тохиролцсон учраас Засгийн газраас баталгаа гаргах шаардлагатай байгаа аж. Иймээс Засгийн газраас зээлийн баталгаа гаргах зайлшгүй шаардлагатай тохиолдолд УИХ-аар хууль батлуулах замаар уг эрхийг хэрэгжүүлэх боломжийг Засгийн газарт олгох үүднээс Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээллээ.