УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Ерөнхий сайдын хамт тойрогтоо ажиллалаа
Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт тойрогтоо ажиллаж Орхон сумын ногоочдын төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонслоо.
Орхон сум нь 44.1 мянган га талбайтай, 963 өрхтэй 3294 хүн амтай бөгөөд голлон мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг. Монгол Улсын хүн амын хүнсний ногооны 20 хүртэлх хувийг хангадаг бөгөөд өнгөрсөн жилийн хувьд улсын хүн амын хүнсний ногооны хэрэгцээний 13,1 хувийг хангасан байна.
Сумын хэмжээнд нийт 8,4 мянган тн-ын багтаамжтай 105 том, жижиг, энгийн зоорь байдаг бөгөөд энэ нь бүх ургацын 50 орчим хувьд нь хүрэлцээтэй аж.
Монгол улсын Ерөнхий сайдад тус сумын иргэд өөрсдийн өмнө хамгийн их тулгамдаж байгаа асуудлаа танилцууллаа.
Үүнд:
- Техник үйлчилгээний дундын төвийн хангамжийг нэмэгдүүлэх.
- Өвлийн хүлэмжийн аж ахуйг байгуулж, жилийн турш хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл явуулах.
- 2000 тн-ын багтаамжтай бүрэн автомат, механикжсан төрөлжсөн зоор барих зэрэг асуудлыг танилцуулж шийдвэрлүүлэхээр боллоо.
Мөн цаашдаа газар тариалангийн чиглэлд хамгийн их шаардлагатай бага хүүтэй зээлийн асуудлыг судалж, дэмжиж ажиллахаа Засгийн газрын тэргүүн илэрхийллээ.
Түүнчлэн Улаанбаатар-Дарханы автозамын ажил, арьс ширний цогцолбор болон Залуусын орон сууцны хороолол барих төслүүдтэй танилцаж, хариуцан гүйцэтгэж байгаа компаниудын удирдлагад ажлаа хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэхийг анхааруулж, Засгийн газрын зүгээс бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn