2030 онд усны хэрэглээ 2-3 дахин нэмэгдэх төлөвтэй байна
2021.04.30

2030 онд усны хэрэглээ 2-3 дахин нэмэгдэх төлөвтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.30\ нэгдсэн хуралдаанаар Усны нөөц, ашиглалтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан мэдээлэл хийв.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан мэдээллийг танилцуулав. 

Тэрбээр “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу усны нөөцийн төлбөрт жилд 40-47 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Орлогын хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байна. Гэвч ус рашааны нөөц  ашигласны төлбөрийн 35-аас доошгүй хувийг усны орчныг хамгаалах, нөөцийг нөхөн сэргээх ажилд зарцуулах тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Тухайлбал, 2020 онд 45.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн ба 15.8 тэрбумаас багагүй хөрөнгийг усны нөөцийг хамгаалах нөхөн сэргээхэд зарцуулахаас 9.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Монгол орны нутаг дэвсгэрт олон жилийн дунджаар 608.4 км куб усны нөөц бүрэлдэн бий болдог байсан бол сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 564.8 км куб болон багасчээ. 2020 оны байдлаар 180 нуур, 116 гол горхи, 381 булаг шанд хатаж ширгэсэн байна. Манай орны ус ашиглалт хэрэглээ  жилд 500 гаруй сая метр куб  байдаг. Гэтэл сүүлийн жилд 570-590 сая метр болж нэмэгдсэн. Энэ байдлаарааа 2030 онд усны хэрэглээ 2-3 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Ус хангамжийг сайжруулах, усны нөөцийг нэмэгдүүлэхэд дараах арга хэмжээг авах шаардлагатай байна. Үүнд:

  • Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон урт дунд хугацааны бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой хөрөнгө мөнгөний асуудлыг бүрэн шийдвэрлэх,
  • Гадаргын усыг хуримтлуулан усны нөөцийг нэмэгдүүлэх, усан цогцолбор байгуулах ажилд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх
  • Говь хээрийн бүсийн газрын доорх цэнгэг усны ордыг улсын тусгай хамгаалалтад авах,
  • Уул уурхайн олборлолт, хүнд үйлдвэрүүдэд 2030 оноос эхлэн газрын доорх ус ашиглуулахгүй байх.Энэ хугацаанд гадаргын усаар хангах төслүүдийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж ашиглалтад оруулах,
  • Улаанбаатар хотын усан хангамжид газрын доорх уснаас гадна гадаргын усны нөөцийг ашиглах хосолмол эх үүсвэртэй болгох,
  • Хот суурингийн цэвэрлэх байгууламжийг шинээр барьж өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, С.Одонтуяа, Д.Бат-Эрдэнэ нар асуулт асууж хариулт авлаа. Ингээд үдээс хойшхи чуулганаар хэлэлцэх асуудал дууссан тул чуулган өндөрлөв.