ХЗБХ: Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2021.04.20

ХЗБХ: Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.20) хуралдаан 13 гишүүний ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан.

 Хууль зүйн байнгын хорооны 2021 оны хоёрдугаар сарын 3 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласан байна.

Ажлын хэсэг дээрх асуудлыг дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, төслийн талаарх зарчмын зөрүүтэй 7, найруулгын шинжтэй 2 саналын томьёоллыг бэлтгэжээ. Тухайлбал, Улсын Их Хурал 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Оюуны өмчийн тухай хуулийг хэлэлцэн баталсантай холбогдуулан хууль хооронд зөрчил, хийдэл, давхардал үүсгэхгүй байх үүднээс Оюуны өмчийн тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэн зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулан тусгасан байна.

Төслийн нэр томьёоны хувьд “патент” болон “ашигтай загвар” гэсэн тодорхойлолтыг шинэчлэн томьёолж, “патент” гэдэг нь тухайн шийдэл нь шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, патент эзэмшигч нь тодорхой хугацаанд патент эзэмших онцгой эрхийг эдлэх эрхийг, “ашигтай загвар” гэдэг нь багаж хэрэгсэл, түүнтэй адилтгах бүдээгдэхүүнд хамаарах техникийн шийдлийг хэлнэ хэмээн тус тус томьёолсон байна.

Патентын эрх сунгуулах хуульд заасан хөнгөлөлтийн хугацаа дууссанаас хойш патент ашиглах эрхгүй этгээд патентыг ашигласан бол патент эзэмшигчийн эрхийг зөрчсөнд тооцохоор, патент эзэмшигч патентыг эзэмшихээс болон патентын хураамж төлөхөөс албан ёсоор татгалзсан тохиолдолд патентыг хүчинтэй байлгах хугацааны хураамж төлөх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргах эрхгүй байхаар, патентыг хүчинтэй байлгах хугацааны хураамжийг төлөөгүй бол патент эзэмшигчийг патентын эрхээсээ татгалзсанд тооцож, патентыг хүчингүй болгох бөгөөд энэ тухай албан ёсны тогтмол хэвлэлд нийтлэхээр тус тус тусгасан гэв.

Ажлын хэсгийн танилцуулгын дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Төслийн 3 дугаар зүйл, 41 дүгээр зүйл, 49 дүгээр зүйл, 53 дугаар зүйлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд, найруулгын саналаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Ийнхүү  Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв