ХЗБХ: Зохиогчийн эрхтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцлээ
2020.10.06

ХЗБХ: Зохиогчийн эрхтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.06) хуралдаан 09 цаг 40 минутад 63.2 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлын хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлтийг танилцуулсан юм.

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Оюуны өмчийн тухай хууль батлагдсан тул өмнө нь өргөн мэдүүлсэн Оюуны өмчийн тухай багц хуулийн төслүүдэд зохих өөрчлөлтүүдийг оруулах шаардлага үүссэн байна. Х.Нямбаатар сайдын горимын саналаар хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хойшлуулах санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжив.

Иймд Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлын хойшлуулахаар боллоо.