Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлав
2021.03.25

Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. 

Хуулийн төслийг БШУ-ын Л.Энх-Амгалан танилцууллаа. 

АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б:Энх-Амгалан танилцуулав. 

Дэлхийн шуудан холбоо нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тааламжтай нөхцөл бий болгох үүднээс шуудангийн салбарын үйл ажиллагааг зохион байгуулах, боловсронгуй болгон хөгжүүлэх, түүнчлэн шуудангийн салбарт техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн агентлаг юм. Өнөөгийн байдлаар тус холбоонд 192 орон гишүүнээр нэгдсэн бөгөөд холбооны төв нь Щвейцарийн Холбооны Улсын Берн хот, Ази-Номхон далайн бүс нутгийн салбар нь Тайландын Вант Улсын Бангкок хотноо байрладаг байна.

Дэлхийн шуудан холбооны эрх барих дээд байгууллага нь Бүрэн эрхт төлөөлөгчдийн Их хурал бөгөөд дөрвөн жилд нэг удаа хуралдаж, холбооны дүрэмд оруулах шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг хэлэлцэн баталж, уг өөрчлөлтүүдийг гишүүн орнууд дотооддоо хууль болгон батламжилдаг аж.

Манай улс 1963 онд тус холбооны бүрэн эрхт гишүүнээр элсэж, 1964 онд Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо болсон Их хурлаар хэлэлцэн баталсан Дэлхийн шуудан холбооны дүрмийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсныг 1968 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар соёрхон баталсан бөгөөд үүнээс хойш 2002 онд Дэлхийн шуудан холбооны дүрмийн 3, 4, 5, 6 дугаар, 2006 онд 7 дугаар, 2011 онд 8 дугаар, 2019 онд 9 дүгээр нэмэлт протоколыг Монгол Улсын хуулиар тус тус соёрхон баталсан байна.

2018 оны есдүгээр сард Дэлхийн шуудан холбооны Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит бус гуравдугаар Их хурал Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсын нийслэл Аддис Абаба хотноо хуралдаж дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг баталсан байна. Дэлхийн шуудан холбооны дүрэм, түүнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт протоколыг эрх бүхий байгууллагаар заавал батламжлуулах талаар тус дүрмийн 25, 30 дугаар зуйлд заасны дагуу 10 дугаар нэмэлт протоколыг УИХ-аар соёрхон батлуулах шаардлага үүсчээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэлэх гишүүн байсангүй. Ингээд хуулийн төслийг 55.2 хувь нь дэмжиж баталлаа.