Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 10 дугаар тайланг хэлэлцлээ
2021.03.23

Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 10 дугаар тайланг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдийн /2021.03.23/ хуралдаан 10 цаг 40  минутад  ирц бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 10 дугаар тайлан,  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт үр, дүнгийн талаар Монгол Улсын Засгийн газрын тайлан гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав.

 Эхлээд Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 10 дугаар тайланг хэлэлцлээ. Тайлангийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл өгөв.

Мэдээлэлдээ Засгийн газраас эмэгтэйчүүдийн эрх хамгаалал, хөгжил, ялангуяа нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар болон жендерийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт тавьж ажиллах үндэсний тогтолцоо, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх салбар дундын тогтолцоог бэхжүүлсэн нь үр дүнтэй үйл ажиллагаа болсныг онцоллоо.