Хотын дарга НОК-ын Шуурхай штабын эмэгтэйчүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ
2021.03.07

Хотын дарга НОК-ын Шуурхай штабын эмэгтэйчүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр тохиож буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар өнөөдөр НОК-ын Шуурхай штабын нийт эмэгтэйчүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сараас хойш НОК-ын Шуурхай штабт нийслэлийн төр захиргааны байгууллагуудаас 40 гаруй эмэгтэй ажилтан томилогдон ажиллаж байгаа бөгөөд дэлхий нийтийг хамарсан цар тахлыг даван туулах, урьчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч, үүрэг даалгаварыг биелүүлэн ажиллаж байна.

Тиймээс цар тахлын амаргүй хүнд үед цаг наргүй ажиллаж байгаа эмэгтэйчүүддээ Хотын даргын зүгээс баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Нийслэл хотын аюулгүй байдал, хөгжил, цэцэглэлтийн төлөө хөдөлмөрлөж буй бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, эмэгтэйчүүдийн баярын мэндийг өргөн дэвшүүлье” гээд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг эрүүл, аюулгүй байлгах хүнд хэцүү үүргийг салбар бүрд нэр төртэй гүйцэтгэж ирсэнд та бүхнээрээ бахархаж байна гэв.