2020.09.16
УИХ-ын гишүүн Д.Батлутын иргэдтэй уулзах уулзалт үргэлжилж байна
УИХ-ын гишүүн Д.Батлут намрын чуулган хүртэлх хугацаанд тойрогтоо ажиллаж байна.
Тэрээр өнгөрөгч долоо хоногоос эхлэн багуудад ажиллаж, иргэдтэй уулзаж байгаа. Тэгвэл өнөөдөр Дэнж болон Эрдэнэ багийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Түүнтэй хамт мөн Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал ажиллаж байна.
Уулзалтын үеэр иргэдийн зүгээс захын гэр хорооллуудад эрчим хүчний уналт их байгаа, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах, Орхон аймаг нь Эрдэнэт хот болж байгаатай холбогдуулан эдэлбэр газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, эрчим хүчний үнэ, галын түлээний үнэ өссөн, өрхийн хэрэгцээний газар олголт удаашралтай байгаа зэрэг асуудлууд нэлээн хөндөгдөж байлаа.
Мөн Дэнж, Эрдэнэ багт баригдаад ашиглалтад ороогүй 5 жилийн нүүр үзэж байгаа усан санг хэзээнээс эхлэн ашиглах талаар сонирхож байв.
Түүнчлэн зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш иргэдэд шийтгэлийг давхардуулан олгож байгаа тул тэрхүү хуулийг эргэж харахыг хүссэн иргэний санал ч мөн гарч байв.
УИХ-ын гишүүн Д.Батлутын иргэдтэй хийх уулзалт цаашид хуваарийн дагуу үргэлжилнэ.