2021.02.23

МҮЭ-ийн холбооны цахим жагсаал боллоо

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмсэнийг эсэргүүцэн цахимаар өчигдөр буюу /2021.02.22/ жагсаал хийлээ.

МҮЭ-ийн холбооны 36 гишүүн байгууллага болох мэргэжлийн14 салбар, аймаг, нийслэлийн 22 үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид нэгдэж энэхүү цахим жагсаалд оролцлоо.

МҮЭ-ийн холбооноос 2019 оноос нийгмийн даатгалын шимтгэлийг жил бүр нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэн УИХ, Засгийн газарт тухай бүр шаардлага, мэдэгдэл хүргүүлж жагсаал цуглаан зохион байгуулан ажилласны үндсэн дээр 2020 онд нэмэгдэх нийгмийн даатгалын шимтгэлийг хувь хэмжээг 1 жилээр хойшлуулах шийдвэрийг УИХ-аар гаргуулан, уг асуудлыг дахин судлан УИХ-аар шийдвэрлүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт тусгуулаад байсан билээ.

Гэвч цар тахлын хүндрэлтэй энэ үед Засгийн газраас Нийгмийн зөвшилцлийн хэлэлцээрээс ухарч, НД-ын шимтгэлийг нэмэгдүүлж байгааг МҮЭ-ийн холбооноос ийнхүү эсэргүүцэж, энэхүү шийдвэрээ яаралтай эргэн залруулахын төлөө шийдвэр гаргагчид, УИХ-ын гишүүдэд хандан шаардлага, мэдэгдлүүдийг хүргүүлээд байна.
Өнөөдөр энэхүү шаардлагын хариуг нэхсэн тэмцлийн үйл ажиллагаа улс орон даяар бүх салбарыг хамран үргэлжилж, хөл хорионы онцгой нөхцөл байдлын улмаас цахим хөдөлгөөн хэлбэрт шилжээд байсан юм.

Үйлдвэрчний эвлэлүүдийн дээрх шаардлага, саналыг ажил олгогчид, ажилтнуудын аль аль тал нь дэмжиж байгаагаараа онцлогоос гадна бүх нийтийн шинжтэй байгаа нь уг асуудлыг УИХ-аас цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хууль эрх зүйн хүрээнд цогцоор нь яаралтай авч үзэхийг шаардаж байна.