Л.Болд: Нэг удаа зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгчид л шинэ Үндсэн хуулийн заалт үйлчилнэ
2021.02.08

Л.Болд: Нэг удаа зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгчид л шинэ Үндсэн хуулийн заалт үйлчилнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болдтой ярилцлаа.

2021 онд Монгол Улсын орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас ямар ажлууд зохион байгуулах вэ?

Дэлхий даяар цар тахал дэгдсэн хүнд үед энэхүү тэмдэглэлт ой тохиож буй. Манай улсын нөхцөл байдал ч хаа хаанаа амаргүй байна. Тиймээс аливаа баяр ёслолыг даруухан бөгөөд цомхон тэмдэглэхэд анхаарах ёстой. Энэ дагуу Чингисийн Монголын Зэвсэгт хүчний сүүлийн 100 жилийн амжилт ололтыг харуулсан, мөн ирээдүйн хөгжлийг тодорхойлсон ажил хэрэгч арга хэмжээнүүд төлөвлөж байгаа.

Зэвсэгт хүчний барилгаинженерийн анги, салбарууд Тавантолгой - Зүүнбаян чиглэлийн “Шинэ төмөр зам” төслийн бүтээн байгуулалтад оролцож байгаа. “Шинэ төмөр зам” төслийн ажил хэр үр дүнтэй явж байгаа вэ?

Монголын залуус, цэрэг дайчид гар бие оролцон түүхэндээ анх удаа 700 гаруй километр төмөр замын бүтээн байгуулалтыг жилийн дотор бие даан хийлээ. Энэ бол ёстой 100 жилд дурсагдах бахархалт үйлс болсон гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Ажил шувтрах шатандаа орсон. Дараагийн ажлаа ч эхлүүлсэн.

У.Хүрэлсүхийн Засгийн газар цар тахалтай хэр тэмцэж ажилласан гэж дүгнэх вэ?

Цар тахлын эхний шатанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зоримог шийдвэрээр Монгол Улс дэлхийд хамгийн түрүүнд хилээ хааж улс орон, ард түмнээ аюулт вирусээс бүрэн хамгаалж чадсан. Гэвч цаашдаа энэ вирусийг алдаагүй барьж сонгуульдаа ашиглах зорилгоор хөл хорио тогтоож эдийн засгаа сүйрүүлж, ард түмнээ тамирдуулж буруу замаар будаа тээлээ.

Хоёр сонгуулиа хийж аваад санаа амрангуут ажлын хариуцлага алдаж вирусээ нийтийн дунд алдчихсан. Одоо жинхэнээр хатуу арга хэмжээ авна гэхээр ард түмэн маань туйлдчихсан учраас таагүй дүр зураг харагдаж байна. Дээр нь сонгуулийн дуулиан, улстөржилтөд дарагдаж байх зуурт манай улс вакцины захиалгаас бүрэн хоцорсон тул одоо дэлхий даяар бадар барихад хүрчихсэн.

Вирустэй тэмцэхдээ мөнгөний урсгалыг өөртөө хянах гэж төрийн монополь тогтоож бүр буруу явчихлаа. Одоо бид бусад улсын жишгээр цар тахалтай шинжлэх ухааны үндэстэй тэмцэх замаар зөв зохицуулж цаашаа явах ёстой. Тусгаарлалт болон хөнгөн өвчтөний эмчилгээг гэрт нь хийж, эрүүл мэндийн системээ хөнгөлөхөөс эхэлмээр байна. Гадаад нислэгээ эрсдэлгүй улс оронтой нээж, жил гаруй гацсан олон мянган иргэнийнхээ эргэн ирэх замыг нээх хэрэгтэй.

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан. Гэвч Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар төсөвт мөнгө байхгүй гэсэн тайлбар хийсэн. Үнэхээр оффшор бүсэл мөнгө орж ирсэн юм уу. Орж ирсэн бол хэдий хэмжээний мөнгө орж ирсэн юм бэ?

Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолыг УИХ-аар хэлэлцэх үед энэ асуудал тодорхой болно. Гэвч УИХ цааргалсаар байгаагийн цаана ямар шалтгаан байна. Үндсэн хуулиар Ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлах эрхээ эдэлж шийдвэрээ гаргасан. Энэ их хурал арай Үндсэн хууль зөрчихгүй байх гэж найдаж байна вэ.

Авлигын эсрэг хуульд УИХ өөрчлөлт оруулсан. АТГ-ын даргын нэрийг Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн мэдүүлж томилдог байсныг өөрчилж, Ерөнхий сайд АТГ-ын даргын нэрийг УИХ-д оруулахаар хуульчилсан. Хуулийн уг өөрчлөлтөд Ерөнхийлөгч хориг тавьсан ч УИХ хүлээж авсангүй. Хуулийн энэ өөрчлөлт ямар сөрөг нөлөөтэй вэ?

Авлигатай тэмцэх тэмцэл ингээд дуусгавар болж байна гэж ойлгож болно. Одоо ард түмэн 1990 оны өмнөх нөхцөл рүү эргээд оччихлоо. Монгол Улсын хувьд туйлын аюултай нөхцөл байдал бий болсон гэсэн үг.

Дэлхий нийтэд авлигатай тэмцэх олон улсын гэрээ, томоохон хөтөлбөр, конвенцууд үйлчилж байгаа. Энэ бүх гэрээ, конвенцуудад АТГ-ын бие даасан нөхцөл байдлыг хангах ёстой гэж заасан байдаг. Бие даасан нөхцөл байдлын баталгааг ард түмнээс сонгогддог.

Ерөнхийлөгчөөс АТГ-ын даргыг санал болгосноор хангах ёстой. Гэтэл хуулийг хулгайн журмаар өөрчилж байгаа нь холын хараагүй, явуургүй асуудал.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Оюутолгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүлсэн. Та Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэж боддог уу?

Бидний таван гишүүн жагсаж байж, хоёр жилийн өмнөөс эхэлсэн шударга ёсны хувьсгал өрнөж байгаа нь үнэн бол энэ гэрээ өөрчлөгдөх ёстой. Монголын ард түмний эрх ашгийг хамгаалах ёстой. Ерөнхийлөгчийн шаардсанаар энэ асуудлыг УИХ хаалттай чуулганаар, ҮАБЗ-өөр хэлэлцэх үед олон тооны оньсого тайлагдах ёстой.

Та одоо шинэ намын гишүүн байна уу, эсвэл намаасаа гарсан уу?

Мэдээж хэвээрээ. Оны өмнө манай намын Төв зөвлөл цахимаар хуралдсан. Удахгүй намын Их хурлаа хийнэ.

АН-ын Хэрэг эрхлэх газар таны эзэмшдэг Бодь цамхагт нүүж орсон нь зүгээр нэг тохиолдол биш байх. Хуучин намтайгаа ямар нэгэн холбоотой байна уу?

Би АН-тай анх байгуулагдсан цагаас нь амьдралаа холбосон. Тус намаас сонгогдсон анхны 13 парламентын гишүүн болсноос хойш хөөгдөх хүртлээ таван удаа УИХ-д суудал авчирсан ууган гишүүн. Манай байранд орох хүсэлт тавихад би энэ хэцүү үед АН-аа дэмжих ёстой гэж үзсэн. Энэ бол Монгол Улсад ардчиллыг хамгаалах баталгаажуулах иргэний үүргээ биелүүлж байгаа хэрэг. АН-ын төлөөх олон хүний сэтгэл зүтгэл үүнд оршиж байгаа. Намын данснаас Бодь цамхагт нэг ч төгрөг ороогүй. Хардаж байгаа хүмүүс харна биз.

АН-тай шинэн нэгдэх тухай байр суурийг та илэрхийлсэн. Хоёр нам цаашид үнэхээр нэгдэх үү?

Үүнийг манай 30 мянган гишүүд, 300 мянган дэмжигчид шийднэ.

АН-д та 30 шахам жил зүтгэсэн. АН-ын өнөөдрийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

Ард түмэн нэг мөр хөрчихвөл дахиж сэргэх боломжгүй. АН түүхэн үүргээ гүйцэтгэх ёстой. Ард түмэндээ хамгийн их өртэй улс төрийн хүчин мөн. Энэ бүхний цаана АН-ын эсрэг гэхээсээ илүү Монголын ардчиллын эсрэг МАНАН-гийн хуйвалдаан хүчээ авч байгаа гэж би харж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрх хуулиараа бий юу. Хуульчид нэр дэвших боломжтой эсэх талаар маргаантай байр суурь илэрхийлж байгаа?

1990 оноос хойш Үндсэн хуулийн бүх процесст оролцсон хүний хувьд дахин хэлье. Үүнд ямар ч эргэлзээ байх гучиргүй. Нэг удаа зургаан жилээр сонгогдсон хүнд л энэ заалт цаашдаа үйлчлэх нь ойлгомжтой. Ийм хүн өнөөдөр нэг ч байхгүй

 Т.АМАРТҮВШИН