С.Бямбацогт: УИХ хонгилыг нураахад тодорхой алхам хийсэн
2021.02.08

С.Бямбацогт: УИХ хонгилыг нураахад тодорхой алхам хийсэн

УИХ дахь Хууль зүйн байнгын хорооноос өнгөрсөн намрын чуулганаар хийсэн ажлаа тайлагналаа.

С.Бямбацогт: Намрын ээлжит чуулганаар байнгын хороо нийт 18 удаа хуралдаж 29 хууль, УИХ-ын найман тогтоол баталж ажилласан. Одоо найман хуулийн төсөл хэлэлцүүлгийн түвшинд явж байна.

Мөн Үндсэн хуулийн цэцийн гурван дүгнэлт, ХЭҮК-ын гишүүдийг томилох, чөлөөлөх талаар хэлэлцсэн. Бид түүхэндээ анх удаа мэтгэлцээний зарчмаар Шүүхийн тухай хуулийг тасралтгүй 18 цаг хэлэлцсэн. Батлагдсан гол хуулиудыг танилцуулъя.

Нэгдүгээрт, Шүүхийн тухай хуулийг хэлэлцүүлж, баталсан. Уг хуулиар шударга шүүхээр эрхээ хамгаалуулах алхмыг хийж өгсөн.

Дараагийн чухал хууль нь Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулсан. Монгол Улс 3 сая гаруй хүн амтай. Аялал жуулалчлыг хөгжүүлж, гаднын жуулчидыг оруулж ирэхэд хуулийн тодорхой хориг саад байдаг байсан бол харьцангуй чөлөөтэй зорчиж, виз авдаг болохоор батлуулсан.

Түүнчлэн Авлигын эсрэг хуулийг хэлэлцэж батлуулсан. Хонгилыг нураахад тодорхой алхам хийсэн.

АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгодог нь Үндсэн хуультай нийцэхгүй байна. Авлигатай тэмцэх асуудал бол Засгийн газрын чиг үүрэг учраас Ерөнхий сайд санал болгодог байх өөрчлөлт хийсэн.

Б.Лхам