Үндсэн хуулийг амилуулах эрх зүйн шинэчлэл эрчимтэй хийсэн намрын чуулган хаалтаа хийлээ
2021.02.02

Үндсэн хуулийг амилуулах эрх зүйн шинэчлэл эрчимтэй хийсэн намрын чуулган хаалтаа хийлээ

Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган өнгөрөгч баасан гарагт буюу 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хаалтаа хийлээ. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаан 31 удаа, Байнгын болон дэд, түр хорооны хуралдаан 114 удаа хуралджээ.

Ээлжит чуулган 50-иас доошгүй хоног үргэлжилдэг байсныг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 75-аас доошгүй хоног болгон өөрчилсөн. Энэ удаагийн нэгдсэн чуулган 82 хоног хуралдсан байна. Намрын чуулганаар нийт 87 хууль, УИХ-ын 45 тогтоол хэлэлцэн баталжээ.

УИХ-ын Намрын чуулган бол Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, түүнд нийцүүлэн баталсан Монгол Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохион байгуулагдсан анхны чуулган байснаараа онцлог юм. Мөн коронавирусний цар тахлын улмаас гамшгийн үеийн хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон онцгой үед үйл ажиллагаа явуулсан.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэчлэлийг эрчимтэй үргэлжлүүлэх нь энэ чуулганы үндсэн зорилго байсан. Энэ хүрээнд баталсан зарим хууль тогтоомжийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хаалтын үеэр хэлсэн үгэндээ дараах байдлаар тэмдэглэж хэллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар

НЭГДҮГЭЭРТ

“Бага Үндсэн хууль” гэж үздэг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталлаа. Ингэснээр Засаг захиргааны шинэчлэл хийх эхлэл тавигдсан.

Хуулийг нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, төвлөрлийг сааруулах, орон нутгийн бие даасан байдлыг хангах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүллээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид эдийн засаг, нийгмийн асуудлыг бие дааж шийдвэрлэх, хуулиар тогтоосон хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээ тогтоох эрх мэдлийг тогтоож өгсөн. Үүнтэй уялдаж, нутгийн удирдлагын байгууллагын үүрэг, хариуцлага нэмэгдсэн. Сумын ИТХ-д улс төрийн намын бүлэг ажиллахгүй байхаар тусгасан. 

Үүний үр дүнд намын гишүүнчлэл биш, сэтгэл зүтгэл, боловсрол мэдлэг, туршлага чадвар гол шалгуур болно, төрийн үйлчилгээ иргэддээ алагчлалгүй, тэгш, шударга хүрэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

ХОЁРДУГААРТ

Хараат бус, бие даасан, шударга шүүхтэй болох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаанд нийцүүлж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа.

Иргэдийнхээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, эрүүдэн шүүлтээс ангид байх, шүүхэд зөвхөн хууль, ёс зүй ноёрхдог тогтолцоо бүрдүүлэх зорилго нэг шатаар урагшиллаа. Шүүх болон шүүгчдийн хараат бус, бие даасан байдлыг хангахыг бид эрмэлзсэн.

Шүүгчийн томилгоонд хөндлөнгийн нөлөөлөл, улс төрийн болон бусад ашиг сонирхлыг арилгах, мерит зарчмыг үндсэн шалгуур болгох зарчим тусгагдсан. Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороог улс төрөөс хараат бус, мэргэжлийн байх зарчмаар сонгон бүрдүүлэхээр заасан. Нийтийн сонсголоор ард түмнийхээ нүдэн дээр ил тод, ард түмэнтэйгээ хамт шүүгчдийг сонгон шалгаруулах боломжийг бүрдүүлсэн. 

ГУРАВДУГААРТ

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг баталсан. Үүгээр “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа хэрэгжих юм.

Бид “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг мөн баталсан. Энэ хөтөлбөр “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон “Таван жилийн үндсэн чиглэл”-д суурилж байгаа.

ДӨРӨВДҮГЭЭРТ

Монгол Улсад анх удаа Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг нээлттэй, ил тод сонгон шалгаруулж томилсон. Мөн Авлигатай тэмцэх газрын удирдлагыг иргэдийн оролцоотой, нээлттэй сонсгол хийж томилох эрх зүйн шинэ орчин бүрдүүллээ.

Нэр цэвэр, шударга, мэргэжлийн, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн алба хаагч л хүний эрхийн төлөө, авлигын эсрэг тэмцлийг үр дүнд хүргэж чадна гэж бид үзэж байна.

ТАВДУГААРТ

Ил тод, нээлттэй, ард түмний засаглах эрхийг хангасан, хариуцлагатай, ёс зүйтэй, цахим парламент байх шинэчлэлийн зорилтдоо нэг  шинэ алхам хийлээ. Энэ бол lawmaker.parliament.mn, lawforum.parliament.mn цахим систем юм.

Ингэснээр ард түмэнтэйгээ зөвлөлдөж, хамтарч хууль боловсруулдаг ардчиллын суурь зарчим хэрэгжинэ. Ард түмэнтэйгээ хамтран хууль тогтоодог, шинжлэх ухааны нотолгоо, судалгаанд тулгуурлан шийдвэр гаргадаг байх нь шинэчлэлийн нэг үндсэн зорилт юм. Цаашид энэхүү цахим системийг ашиглан иргэд, эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүстэй хамтарч хууль тогтоомжуудын төслийг боловсруулж, хэлэлцэж, батлах болно.

Цахим системийг өргөн ашиглаж, хуулийн төсөлд санал, дүгнэлтээ ирүүлэхийг нийт иргэд, эрдэмтэн судлаачдаасаа тэрээр хүссэн юм.

УИХ-ын чуулганы хуралдаан 2021.01.29

Цахим системд хаврын чуулганаар хэлэлцэх олон хуулийн төслийг байршуулсан байна. Ирэх гуравдугаар сард УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган эхэлнэ. Уг чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсан. Үүнд,
  1. “Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  2. “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
  3. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  5. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл;
  6. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  7. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  8. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  9. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;
  10. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд;
  11. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  12. Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 
  13. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  14. Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  15. Судалгааны их сургуулийн тухай хуулийн төсөл;
  16. “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  17. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  18. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  19. Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  20. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  21. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  22. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  23. Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;
  24. Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл;
  25. Уул уурхайн нөхөн сэргээлтийн тухай хуулийн төсөл;
  26. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  27. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл;
  28. Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
  29. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  30. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  31. Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  32. 3өрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  33. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  34. Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл;
  35. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  36. Шүүх байгуулах тухай хуулийн төсөл;
  37. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  38. Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  39. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  40. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  41. Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл;
  42. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  43. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  44. Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  45. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  46. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  47. Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  48. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  49. Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  50. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
Түүнчлэн өнгөрөгч намрын чуулганаар хэлэлцүүлж дуусаагүй, хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Мөн “Ковид-19” цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэх юм. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn