2012.05.18
Ю.Тимошенкогийн биеийн байдал дордож, хэвтэрт оржээ
Украйны Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн охин Евгений хэдхэн хоногийн өмнө эмнэлэгт буй ээжийгээ эргэжээ.
Евгенийгийн хэлж буйгаар Тимошенкогийн биен дээр ил шарх нэлээд байсан төдийгүй гадны нөлөөгөөр авсан олон сорив байгааг онцолсон байна.
Украины Засгийн газар Ю.Тимошенког хорих болсноос хойш тэрбээр шүүх хуралд яллагдагчаар татагдахаас татгалзаж, мэдүүлэг өгөлгүй удсан юм. Түүнчлэн тэрбээр хорих байранд очихгүй гэж мэдэгдсэнээс үүдэж албадан ирүүлсэн байдаг.
Тэгвэл болж буй үйл явдалтай холбогдуулж Евгений Европын хөлбөмбөгийн холбоонд гомдол гаргажээ. Түүний ээж шоронд хоригдоод багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд ээжийгээ суллуулахын тулд нэлээд хугацааны турш хөөцөлдөж байгаа юм. Тэрчлэн, Евгений ЕХХолбоонд нээлттэй захидал илгээсэн төдийгүй түүндээ "Манай улсад зохиогдох Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг цуцалж, Ю.Тимошенког суллах ажилд үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсч байна. Ю.Тимошенко нь Украины улс төрд бугшсан хээл хахууль, бусармаг үйлдлийг зогсоохын төлөө хүчин мөхсдөж, авлигад идэгдсэн албан тушаалтнуудын заль мэхээр шоронд ял эдэлж байна. Хэрэв ЕХХолбоо энэ зун манай улсад тэмцээн зохион байгуулбал Украины төрийн бусармаг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна хэмээн ойлгох болно" гэжээ.
Эдүгээ 51 настай Ю.Тимошенко 20 гаруй хоног өлсгөлөн зарласан бөгөөд биеийн байдлын шалтгаанаас үүдэж өнгөрсөн долоо хоногт өлсгөлөнгөө зогсоосон байна. Украины эрүүл мэндийн яам түүний биеийн байдалд санаа зовниж байгаагаа мэдэгдсэн. Түүнчлэн Евгений цаашид тэмцлээ зогсоохгүй гэдгээ мэдэгдээд Их Британийн Засгийн газарт улсынхаа эрх баригчдын талаар гомдол гаргажээ.
Үүнээс гадна Германы канцлер Ангела Меркельд илгээсэн захидлын хариуд тэрбээр Украины Засгийн газрын агентлаг руу холбогдож Ю.Тимошенкотой холбогдох асуудлаар лавлажээ. Евгений хилийн чанад дахь тэмцлээ зогсоолгүй улам бүр үргэлжлүүлж, Олон Улсын хүний эрхийн байгууллагад энэ талаар дуулгасан байна. Үүний сацуу Олон Улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүнтэй утсаар холбогдож, энэ удаагийн тэмцээнийг хойшлуулахыг хүсчээ.
Энэ талаар Хосе Мануэль Бароссо ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Евгений пүрэв гаригт хийсэн мэдэгдэлдээ "Би дөнгөж сая эмнэлэгт очиж ээжтэйгээ уулзчихаад ирлээ. Тэр өлсгөлөн зарласнаасаа хойш маш их турж эцсэн байдалтай байсан. Түүний биеийн байдал тааруу байна. Ойролцоогоор 7-8 кг турсан юм уу гэж харагдсан. Украины Засгийн газар яргачлалаа зогсоох хэрэгтэй. Эмч нар түүнийг алхаж чадахгүй болсныг надад дуулгасан." гэжээ.
Ю.Тимошенког герман эмч нар сувилж байгаа аж. Түүнчлэн эмч нарын хэлж буйгаар доод тал нь хоёр долоо хоног эрчимтэй эмчилгээ хийлгэсний дараа үргэлжлүүлэн ял эдлэх боломжтой гэсэн дүгнэлт гаргажээ. Евгений цааш үргэлжлүүлэн ярихдаа "Түүний биеийн байдал ингэтлээ дордсон нь өлсгөлөн зарласантай холбоотой ч нөгөө талаар шоронд байхад нь маш их тарчлаан зовоосон нь харагдаж байна.
Тэр өөрөө ч надад энэ талаар хэлсэн. Сэтгүүлчид Евгенийгээс юуны учир герман эмчид хандах болсныг асуухад "Украин эмч нарт итгэхгүй байна. Тэднийг дээрээс нь дарамталж, ээжийн минь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй. Цаашид эмчилгээг нь үргэлжлүүлэн хийх эмч нар ч өөр улсын хүн байх болно" гэжээ.
Эмчилгээ эхлэх үед Ю.Тимошенко ярьж чадахгүй байсан төдийгүй яаралтай физик эмчилгээ хийлгэсний дүнд толгой нь эргэх, булчин чангарах зовиур нь үгүй болсон аж. Ю.Тимошенкогийн охины уг мэдэгдлийг "Дэйли Мэйл" сонин бүрэн эхээр нь нийтэлжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.