Үндэсний үйлдвэрлэгч "Ховор угалз" компаний эмэгтэйчүүдийг дэмжих төвийн үйл ажиллагаатай дүүргийн Засаг дарга танилцлаа
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Үндэсний үйлдвэрлэлийг 22 жил тасралтгүй эрхэлж брэнд бүтээж буй “Ховор угалз” компаний үйл ажиллагаатай танилцаж цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Тус компани нь өрх толгойлсон, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэдтэй зэрэг хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал эмэгтэйчүүдийг монгол гутал урлах, эсгий, ноосоор бүтээгдэхүүн гаргах зэрэг ур чадварт үнэ төлбөргүй сургаж, ажлын байр олгодог юм.Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Энэхүү төвд нийт одоо 60 гаруй иргэд үйлдвэрлэл эрхэлдэг юм байна. Дэргэдээ “Эмэгтэйчүүдийг дэмжих төв”-ийг байгуулж өрхийн бизнес эрхлэх сонирхолтой эмзэг бүлгийн ээжүүдэд ажлын байр бий болгож сургалт явуулахад нь цаашид дэмжлэг үзүүлж хамтарч ажиллахаар боллоо.
Мөн үйл ажиллагааг нь дэмжиж СХД-ийн Засаг даргын тамгын газраас 145 метр квадрат талбай бүхий гурван өрөө байраар хангаж өгсөн. Манай дүүрэг Монгол Улсын хүн амын 10 хувь нь амьдардаг маш том хүн хүчний нөөцтэй дүүрэг. Хүн байгаа газар маш том эдийн засгийн эргэлт эргэлдэж байдаг.
Тийм учраас цаашид дүүргийнхээ ажилгүй байгаа иргэддээ ажлын байраар хангах, өрхийн болон жижиг дунд үйлдвэрийг дэмжиж ажиллах болно. Мөн манай дүүрэгт уран, дархан, гар ур дүйтэй олон мянган эрэгтэйчүүд байдаг. Эдгээр хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Эрэгтэйчүүдийг дэмжих төв”-ийг байгуулахаар болсон.
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бол иргэдээ ядуурлаас гаргахад чиглэх учиртай. Хааж боох биш, дэмжиж тулж ажиллабал олон хүнд хийх ажил, зах зээл бэлэн байна. Сонгинохайрхан дүүрэг Өвөрмонголын Хөлөн буйр аймгийнхантай хамтын ажиллагаатай. 4 сая хүн амтай тус аймагт дүүргийнхээ үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулах дэлгүүртэй болж байсан туршлагатай. Энэ туршлага хамтын ажиллагаагаа өргөжүүлэн орлогын эх үүсвэрийг сайжруулан ажиллана” гэж дүүргийн Засаг дарга хэлж байсан юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn