УОК, НОК-ын хамтарсан шуурхай хуралдаан боллоо
Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын хамтарсан шуурхай хуралдаан Хангарди ордны хурлын зааланд цахим хэлбэрээр өнөөдөр боллоо.
Тус хуралд Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Эрүүл мэндийн яамны сайд Т.Мөнхсайхан, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Хурлаар Нийслэлийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй ажлыг дүгнэн, санал солилцож тодорхой үүрэг чиглэлийг УОК-ын дарга Я.Содбаатар Нийслэлийн онцгой комисст өглөө.
Нийслэлийн онцгой комиссоос 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш халдварын голомтын 119 цэгт халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдваргүйжүүлэлт хийж ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд хязгаарлалтын дэглэмийг сахиулах чиглэлд Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт болон Дотоод хэргийн их сургуулийн сонсогч нар буюу нийт 16907 алба хаагч хяналт тавин ажиллаж байгааг Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.
Хурлын үеэр Баянзүрх, Баянгол дүүргийн Засаг дарга нар коронавирусийн тархалтын үед үүссэн нөхцөл байдал, нутаг дэвсгэрийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлыг танилцуулав.
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат “Ойрын өдрүүдэд цаг агаарын байдал -10 градусаас бууна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагаас өгч буй зөвлөмжөөр агаарын хэм -10 градусаас бага байх үед ариутгал, халдваргүйтгэлийг онцгойлон анхаарах шаардлагатай байдаг. Тиймээс дүүргүүд дулааны улиралд хийх урьдчилсан ариутгал халдваргүйтгэлийн бэлтгэл ажлыг одооноос хангах шаардлагатай байна. Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүд нүхэн жорлонгийн ариутгал халдваргүйтгэлд онцгойлон арга хэмжээ авч ажиллах шаардлагатай" хэмээв.
Эрүүл мэндийн яамны сайд Т.Мөнхсайхан “Нийслэлийн хэмжээнд хэд, хэдэн дүүрэгт ПГУ (PCR) шинжилгээ авах цэгийг шинээр байгуулсан. Цаашид шинжилгээ авах, цэгүүдийн үйл ажиллагааг зохион байгуулалттай явуулах, шинжилгээ авахдаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллахад онцгойлон анхаарах хэрэгтэй. Энэ асуудалд мэргэжлийн хяналтын газар эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай” гэж хэллээ.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар төрийн шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж, шаардлагыг өндөржүүлэн ажиллах, Эрүүл мэндийн яамны сайдын хөндсөн асуудлыг ажил хэрэгтээ тусгаж ажиллахыг үүрэг болгов.
Мөн УОК-ын дарга Я.Содбаатар нийслэлийн хэмжээнд QR код ашиглалтыг сайжруулах, нийслэлээс Ажлын хэсэг байгуулж орон сууцуудын агааржуулалт, бохирын системд ариутгал халдваргүйтгэлтэй холбоотой дүгнэлт гаргуулах, аж ахуйн нэгж, байгууллагуудын хариуцлагыг өндөржүүлэх чиглэлд анхаарч, мэдээллээр хангахыг үүрэг болголоо.