2021.01.13
Б.Баярсайхан: Музейн дэргэд Олон нийтийн зөвлөл байна гэж хуульд оруулах нь зүйтэй
Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2020.01.13/ хуралдаанаар Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
"Музейн тухай хуулийн төслийн 5.8-д "Төрийн болон орон нутгийн өмчийн музей нь Олон нийтийн зөвлөлтэй байж болно. Зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журмыг Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэснийг одоо ажлын хэсгийн саналаар "музейн дүрэмд заасан бол музейн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий олон нийтийн зөвлөл ажиллаж болно.
Зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журмыг Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж орж ирж байна. Миний санал бол "...байж болно" биш "...байна", Олон нийтийн зөвлөлтэй байна гэж өөрчлөх санал байна. Учир нь олон нийтийн зөвлөл байвал ямар ч тохиолдолд дэмжлэг, нөгөө талаасаа хяналт тавих сайн талтай.
Музей гэдэг бүхэлдээ тухайн улсын, орон нутгийн түүх байдаг. Музей рүү ороход үзмэрүүдийг нь мэдэхгүй хүн бол үнэ цэнгүй харж болох ч бүх зүйл, үзмэрүүд нь түүх өгүүлдэг үнэ цэнтэй юм. Тиймээс өмчлөлийн хэлбэр үл харгалзан музей нь олон нийтийн хяналтад байх нь зөв гэж үзэж байна."
Түүний асуултад хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам хариуллаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
"Орон нутгийн олон жижиг музей бүр олон нийтийн зөвлөлтэй байна гэхээр зөвлөлд ажиллах эрдэмтдийн баг хүрэлцээгүй байна. Хувийн олон музей бий. Тэр бүр олон нийтийн зөвлөлтэй байна гэхээр хүндрэлтэй. Тиймээс Үндэсний, Улсын чанартай музейд л зөвлөлтэй байя гэдэг дээр тогтож оруулсан юм."
Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хуулийн төсөлтэй холбогдуулан нэмж санал хэллээ.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn