УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ҮЭ-үүдийн нэгдсэн саналыг хүргүүллээ
2021.01.05

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ҮЭ-үүдийн нэгдсэн саналыг хүргүүллээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ
ДАРГА М.ОЮУНЧИМЭГТ САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ.

ҮЭ-үүдийн нэгдсэн саналыг хүргүүлэх тухай:

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр нийгмийн түншлэгч талуудын хамтарсан ажлын хэсэг сүүлийн 10 гаруй жил ажиллаж 2018 оны 03 дугаар сард УИХ-д хуулийн төслийг өргөн барьсан билээ.

Хуулийн төсөлд хөдөлмөрийн харилцаа, түүнтэй холбогдсон олон нааштай зохицуулалт, заалтыг тусгасан боловч иргэдийн хөдөлмөрлөх эрхээ хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд санал шаардлага хүргүүлэх, жагсаал, цуглаан, ажил хаялт зохион байгуулж эрхээ хамгаалах НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл Тунхаглал, ОУХБ-ын 87, 98 дугаар конвенциор баталгаажсан суурь эрхийг хязгаарласан, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг илт дордуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эргэн авч үзэж зөв зүйтэй хуулийн шинэчлэл хийхийг УИХ, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Танд хандан МҮЭ-ийн холбооны нийт гишүүн байгууллагууд, ҮЭ-ийн гишүүдийн зүгээс хичээнгүйлэн хүсч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн “Ажил хаях, ажлын байрыг түр хаахыг хориглох, хойшлуулах, түр зогсоох” тухай 28 дугаар зүйлийн 28.1, 28.5 дахь хэсгийг эргэн авч үзэж одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Засгийн газраас УИХ-д өргөн барьсан шинэчилсэн найруулгын төслийн холбогдох заалтыг хэвээр үлдээж Байнгын хорооны хурлаар хэлэлцэн дэмжиж өгнө үү.
МҮЭ-ийн холбооны энэхүү саналыг хүлээн авахгүйгээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн тохиолдолд нийт ҮЭ-үүдийн зүгээс дараагийн шатны арга хэмжээнд шилжихийг мэдэгдэе.

Хувийг: УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоонд

МҮЭ-ИЙН ХОЛБООНЫ
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.АМГАЛАНБААТАР