Ротаричууд 100 сая төгрөг, 170 сая төгрөгийн эмнэлгийн аюултай хог хаягдал устгах төхөөрөмж хандивлалаа
Монголын Ротаричууд Эрүүл мэндийн яаманд 100 сая төгрөгийн хандив өргөж, 170 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн аюултай хог, хаягдал устгах төхөөрөмж хүлээлгэн өглөө.
Монголын Хөгжлийн Ротари сангаас Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссын КОВИД-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд дэмжлэг болох зорилгоор зуун сая төгрөгийн хандивыг өнөөдөр гардуулан өглөө.
Эрүүл мэндийн яамтай зөвшилцсөний үндсэн дээр энэхүү хандивын мөнгөөр Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-д нийслэл болон орон нутагт сорьц авахад шаардлагатай КОВИД-19 илрүүлэх молекул биологийн (PCR) хамар залгиурын арчдасаас сорьц авах бамбар 100 мянган ширхэг, хуруу шил 200 мянган ширхгийг тус тус худалдан авах юм.
ХӨСҮТ нь КОВИД-19 цар тахлын дэгдэлттэй холбоотой уг өвчнийг цаг алдалгүй оношлох, илрүүлэг, тандалт, хавьтлын шинжилгээг хийж, аймаг, дүүргүүдийн урвалж, оношлуурын бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
КОВИД-19 цар тахлын дэгдэлтийн энэ цаг үед эмнэлгийн аюултай хог, хаягдлыг стандартын дагуу устгах нь чухал ач холбогдолтой. “Улаанбаатар Ротари клуб”-тэй түншийн харилцаат Франц улсын “Парис Ротари клуб” эмнэлгийн аюултай хог, хаягдал устгах төхөөрөмж хоёр ширхгийг Францын Санодев (Sanodev) компанид захиалан үйлдвэрлүүлж, Монголд хандивласныг тус клубын удирдлага Эрүүл мэндийн яаманд гардуулан өглөө.