Хамгийн хачин дипломат бэлэг бол Саддам Хусейны НАТО-д өгсөн
- Улстөрчид бие биедээ этгээд, содон бэлэг өгөх нь бий. Өнгөрсөн оны 11 дүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Австралид айлчлахдаа өвөрмөц даатгалын гэрээ бэлгэнд авчээ.
- Уг даатгалын нөхцөлийн дагуу хэрэв АНУ-ын Ерөнхийлөгч рүү матар дайрвал гэргий Мишель нь 50 мянган доллар авах юм байна.
Улстөрчид бие биедээ этгээд, содон бэлэг өгөх нь бий. Өнгөрсөн оны 11 дүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Австралид айлчлахдаа өвөрмөц даатгалын гэрээ бэлгэнд авчээ.
Уг даатгалын нөхцөлийн дагуу хэрэв АНУ-ын Ерөнхийлөгч рүү матар дайрвал гэргий Мишель нь 50 мянган доллар авах юм байна. Обама “Бид эрүүлийг хамгаалах салбарт өөрчлөлт хийж байхдаа иймэрхүү даатгалын талаар огт бодсонгүй шүү” хэмээн хошигножээ.
Барак Обамаг Польшид айлчлахад тус улсын Ерөнхий сайд Дональд Туск өвөрмөц бэлэг өгсөн байна. “Шулам 2: Хаадын алуурчид” гэсэн энэ тоглоомыг хараад Обама арай гэж биеэ барин, эелдэг харагдахыг оролдсон гэдэг.
Харин Обама өөрөө бэлэг сонгохдоо тун тааруу. Тэрбээр 2009 оны дөрөвдүгээр сард Их Британийн хатан хаан II Элизабетад Бродвейн аялгуу бүхий “iPod” бэлэглэжээ. Гэхдээ энэ нь өмнөхөөс дэвшилттэй байсан. Учир нь өмнө нь Их Британийн Ерөнхий сайд Гордон Браунд бэлэглэсэн Обамагийн “DVD” хуурцаг эвдэрхий байжээ.
Америкчууд 2009 онд ОХУ-тай харилцаагаа сайжруулахын тулд Гадаад харилцааны сайд Сергей Лавровт “дахин ачаалах” гэсэн утгатай улаан товчлуур бэлэглэхээр шийджээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон “Бид оросоор зөв илэрхийлэх гэж тохирох үгийг их удаан хайсан. Хэр болж вэ?” гэж Лавровоос асуув. Лавров “Тийм ч тохиромжтой биш” гэж хариулав. Яагаад гэвэл улаан товчлуур дээр “хэт ачаалал” гэж бичсэн байжээ.
Бүх цаг үеийн хамгийн хачин дипломат бэлэг бол Иракийн Ерөнхийлөгч Саддам Хусейны 1983 онд НАТО-гийн тэргүүн Дональд Рамсфельдэд өгсөн бичлэг. Рамсфельдийг Ирак улсад айлчлан ирэхэд Саддам гурван минутын видео бичлэг бэлэглэжээ. Түүн дээр Сирийн залуус могойн толгойг тас хазаж, нохойн гөлгүүдийг хутгаар хэрчиж байхад цаана нь Сирийн дарангуйлагч Хафез аль Асад алга ташиж байлаа. Энэ бэлэг ямар далд агуулгатайг Дональд Рамсфельд тааварлаж ядсан гэдэг.
1977 онд Фиджийн омог аймгийн удирдагчид Бүгд найрамдах улс болж байгаадаа уучлал гуйн, Их Британийн хатан хаанд халимны шүд бэлэглэжээ. Ийм шүдийг “табуа” гэж нэрлэдэг бөгөөд Фиджид алт шиг үнэлэгддэг аж.
Харин Номхон далайн өмнөдөд оршдог арлууд дээр амьдардаг Тан улсын иргэд Их Британийн хатан хааны нөхөр герцог Эдинбургийг бурханчлан шүтдэг. Тэд 2010 онд тус арлын эрчүүдийн уламжлалт хэрэглээ болох бэлэг эрхтний сүрлэн савыг түүнд бэлэглэхээр шийджээ. Харамсалтай нь герцог ийшээ ирж, эрхтнийхээ хэмжээг өгөхийг хүсээгүй тул англи хэлний багш, англи залуугаас үлгэр загвар авсан гэдэг.
Дипломатчдын бие биедээ бэлэглэх дуртай бэлэг бол амьтан. Францын маркиз де Лафайетт XIX зуунд Америкийн Ерөнхийлөгч Жон Куинсид матар бэлэглэжээ. Куинсид тэр матраа Цагаан ордны угаалгын өрөөнд тэжээж байжээ. Европод анааш анх 300 гаруй жилийн өмнө бий болсон нь мөн л дипломатчдын бэлэг. Египетийн тэргүүн Мухаммад Али Францын хаан X Карлд анааш бэлэглэжээ. Түүнийг үзэхээр 1826 онд 100 мянга гаруй хүн Парисын Жарден де Плант паркад очсон байна.
Брунейн султан 2004 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушид “Хэрхэн амьд гарах вэ?” гэдэг нэртэй ном бэлэглэжээ. Ер нь тэр жил Буш олон хачин бэлэг авсан. Иорданийн хаан Абдулла түүнд зургаан лааз бордоо бэлэглэсэн юм.
Их Британийн төр засаг төсвөө үнэхээр танаж эхэлжээ. Гадаад харилцааны сайд Уильям Хейг 2011 оны 11 дүгээр сард Австралийн Ерөнхий сайд асан Кевин Раддад лаазтай галууны тос бэлэглэсэн. Тэрбээр ханиадтай мистер Раддыг англичуудын уламжлалт аргаар галууны тос, зөгийн бал,халуун усаар эмчлэхийг хүссэн бололтой.
Дипломатчид дайн дажнаас сэргийлэхийн тулд бүхий л аргыг хэрэглэдэг. Үүний нэг нь бяслаг гэвэл та итгэх үү. Хэдэн зуун жилийн өмнө пармезан сортын бяслаг асар өндөр үнэтэй байсан. Иймээс дипломатчид холбоотнуудаа өөртөө татахын тулд энэ бяслагийг бэлэглэж байв. Жишээлбэл 1502 онд Венецийн Элчин сайд Бенедетто Санудо ийм бяслагийг Александрын эмирт бэлэглэжээ.