Г.Баярсайхан:Үндэсний зөвлөлдөх хороогоор намын даргын асуудлыг ярина
УИХ-д цөөнхийн хэсэг бүрдүүлж, Засгийн газарт хамтран ажиллаж байсан Ардчилсан намынхан хамтарсан Засгийн газраас гарах болсон нь олны анхаарлын төвд байгаа. Тиймээс бид энэ талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.
-Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарсан нь араасаа олон асуудал дагуулж байна. Тэгэхээр Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон гишүүний хувьд Та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Ардчилсан намын дарга хэвлэлийн хурал хийж, хамтарсан Засгийн газраас гарч байгаагаа албан ёсоор зарлалаа. Миний хувьд хамтарсан Засгийн газрын ажлыг дүгнэж хэлэхэд хийсэн бүтээсэн зүйл байгаа. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Том том стратегийн орд газрын гэрээг хэрэгжүүлсэн гээд сайн зүйл бий. Гэхдээ хууль цаасан дээр гарсан ч хэрэгжилт удаан байгаа. Өнөөх "100 мянган айлын орон сууц", V цахилгаан станцын ажил урагшлахгүй байна. Улаанбаатар хотын утааг бууруулах асуудал, Өмнөговь-Сайншанд-Чойбалсанг холбосон төмөр замын ажил гээд ярих юм бол бас үнэлэмж буурна шүү дээ. Үүний зэрэгцээ долдугаар сарын 1-нд төр иргэд рүүгээ буу шагайсан гээд хүний эрх зөрчсөн ноцтой асуудал байгаа. Үүн дээр хоёр нам аль аль нь дуугарахгүй явсан нь маш том алдаа. Би хувьдаа энэ парламент чинь олонх цөөнхтэй байх ёстой гэж бодож, дуугарч явдаг гишүүдийн нэг. Тийм учраас их дэмжиж байна. Гэхдээ энэ бол зөвхөн намын даргын мэдэгдэл, ҮЗХ-ны хурлаар эцсийн шийдвэр гарна.
-Ингэхэд ҮЗХ-ны хурлаар гишүүд ямар шийдвэр гаргах бол. Хамтарсан Засгийн газраас гарч байгааг дэмжихгүй байх учир бий юу?
-Хөдөө гадаа Ардчилсан намын гишүүд төлөөлөгчид, дэмжигчидтэй уулзаж явахад АН энэ парламентад цөөнхийн мандат өвөртлөн сууж байгаа. Тэгэхээр хамтарсан засгаас гарч, цөөнхийнхөө үүргийг гүйцэтгэж явах ёстой гэсэн санааг хаана хаанаа хэлж байсан. Манай намын дэмжигчид хамтарсан Засгийн газарт орсон шийдвэрийг эсэргүүцдэг юм байна гэдгийг тэгэхэд мэдсэн.
-Удахгүй болох ҮЗХ-ны хурлаар намын даргын асуудал яригдах байх. Улстөрийн хүрээнийхэн болон ажиглагчид шинэ намын дарга нарын нэрсийг яриад эхэлсэн байна?
-Мэдээж бүх асуудал нээлттэй байгаа. ҮЗХ хуралдаж байгаа бол намын доторх бүх асуудал ярих болно. Манай нам доторх аль ч фракцууд ил тод энэ асуудлыг ярина. Намын даргын асуудал ярихгүй байна гэж байхгүй, ярина. Манай ҮЗХ-ны хурал ил тод шударга явдгаараа онцлог. Түүнээс биш бусад шиг гар өргөөд батлаад байдаггүй. Тэгэхээр ҮЗХ-ны хурал ширүүхэн болно гэсэн үг. Нам дотор байгаа болох болохгүй бүгдийг л ярьж цэгцлэх байх. Гэхдээ хувь хүмүүс намын даргаа солино энэ тэр гэж ярьж л байна. Хамгийн гол нь намын даргаа солих гэж хуралдаагүй, өөр олон асуудлаа цэгцлэх гэж ярьж байгаа шүү дээ.
-Сонгууль дөхсөн ийм хариуцлагатай үед хамтарсан Засгийн газраас гарсан нь өөрөө эрсдэл дагуулж болох юм. Хувьгишүүний хувьд ямар бодолтой байна вэ. Зарим нь танай намыг хариуцлагаас зугтаалаа ч гэж байна?
-Миний хувьд үүнийг эергээр харж байгаа юм. Сонгууль дөхсөн, зургаан сар үлдлээ гэдэг талаас нь огт харахгүй байна. Харин парламент эрүүл болж, олонх цөөнхтэй боллоо. Хууль ёсны болж байна гэсэн үг. Гурван жил гаруй стандарт бус гажигтай парламент ажиллалаа. Одоо үлдсэн зургаан сард эрүүл парламент ажиллах нь байна. Улс төрийн намуудыг сонгуульд ороход ард түмэн бодитой дүн тавих байх. Өнгөрсөн хугацаанд АН, МАН ямар ажилласан бэ гэдгийг дүгнэх байх.
-АН хамтарсан засгаас гарчихлаа. Яагаад заавал одоо гарах болов. Хамтарч ажилласан гурван жил гаруйн хугацаанд яагаад гарч болоогүй юм. Өнөөх бялууных нь хэмжээ багассан гэх зэргээр ярьж байгаатай холбоотой юу?
-Хамтарсан хугацаанд дэвшүүлсэн ажлынхаа 80 гаруй хувийг хийлээ. Одоо бол хэн хэндээ гомдоод байх юм байхгүй. Миний харж байгаагаар бол үүнийг сонгуультай холбох хэрэггүй. Ерөөсөө хууль ёсоороо л явах хэрэгтэй. Урьд өмнө хамтраад шийдэх олон чухал асуудал байсан. Улс төрийн шийдвэр гаргахад хамтарч ажиллах хэд хэдэн үндэслэл байсан учраас МАН-тай хамтарч ажиллалаа. Хэд хэдэн стратегийн орд газрын ажлыг эхлүүллээ. Хууль эрх зүйн орчин бүрдүүлэх ёстой бүхий л ажлыг нугалсан. Тэгээд ч хамтарсан Засгийн газраас гарах хугацаа, бидний хийж гүйцэтгэсэн ажлын хугацаа хоёр таарч байгаа юм.
-Анх хамтарсан Засгийн газар 2008 онд гэрээ байгуулахдаа "2012 оны УИХ бүрдтэл хамтран ажиллана" гэсэн байдаг. Нөгөө талд улстөрийн соёл ч гэж нэг юм бий. Хэлсэн ярьсандаа байхгүй эргэж буцаж байгаад олон хүн дургүйлхэж байна?
-Ёс зүйн асуудал, улстөрийн соёл ярих юм бол харин ч ярина шүү. Өнгөрөгч сонгуулиар таван хүний амь хөнөөсөн байгаль хамтарсан Засгийн газар ямар ч шийдвэр гаргалгүй өнөөдөртэй золголоо гэдгээс эхлээд ярих юм их бий. Тэгж ярих юм бол анхнаасаа энэ Засгийн газар чинь хууль бус байгуулагдсан юм шүү.
Энэ чинь улстөрийн соёл мөн үү.
Хамтрахаараа бүх зүйлийг үгүй болгож хариуцлагаас зугтаж болдог гэсэн зүйл байхгүй шүү дээ. Энэ цагаан захтнуудын хэргийг яагаад хөндөхгүй байна. Улстөрийн соёлгүй үйлдэл удаа дараа гарч байна. Энэ мэт зүйл дээр анхаарч, бүгдийг эрүүлжүүлье гэсэн санаагаар хамтарсан Засгийн газраас гарлаа гэж харж байгаа юм. Харин одоо бол парламент үг хэлэх хүнтэй боллоо. Зургаан сар гэдэг богино мэт боловч оновчтой асуудал шийдэхэд бага биш хугацаа. . .
-Н.Алтанхуяг дарга фракцуудын шахалтад ороод мэдэгдэл хийчихлээ. Тэгэхээр ҮЗХ-ны хурал дээр фракцуудын дэмжлэг авч, эргээд хамтарсан Засгийн газарт орох, нөгөө нь болохоор Н.Алтанхуяг хүчин мөхөсдөж, намын даргын суудлаа өгнө байх гэсэн зүйл ярьцгаах болжээ?
-Үүнийг олон талаас нь яаж ч тайлбарлаж болно. Монголын ардчилсан холбооны 20 жилийн ой болсон. Тэр хурал дээр З.Энхболд, Х.Баттулга нар үг хэлсэн. Энэ үгэн дээр тодорхой байр сууриа илэрхийлсэн байгаа. Ер нь бол МАНАН гэж нэг томъёо гарсан. Энэ нь хамтарч сарнихыг л хэлж байгаа байх. Хоёр том фракцын тэргүүнүүд өөрсдийнхөө байр суурийг хангалттай хэлсэн. Энэ хоёр намын даргаа ч шүүмжилсэн, намынхаа ажлыг ч шүүмжилсэн шүү дээ. Тэгэхээр ирэх хурал дээр ч энэ асуудал яригдаж л таарна.
-Н.Алтанхуяг дарга мэдэгдэл хийхдээ, эргээд хамтарч магадгүй ч юм шиг ярьсан. Ч.Сайханбилэг гишүүн ч нэлээд цочирдов уу гэмээр хүлээж авч байгаа харагдсан. Энэ бүгдээс харахад ирэх парламент хамтарсан байхыг бас үгүйсгэх арга алга. Ардчилсан намын хувьд бол гарч орж байдаг нь жирийн үзэгдэл болчихсоныг бүгд л мэдэж байгаа шүү дээ?
-Үнэхээр гарцаагүй парламентад хүч тэнцүү байвал хамтраад явахыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ цаашид бүх зүйл хууль ёсоороо яваасай гэж хүсэж байна. Ер нь бид чинь тэр танхимд хамтраад л ажил явуулж байгаа шүү дээ. Улс орны өмнө тулгамдсан асуудлыг хамтдаа ярьж, хамтдаа шийдэж, хамтдаа хууль баталдаг биз дээ. Заавал хамтарсан Засгийн газарт орохоороо хамтарч ажилладаг гэсэн ойлголт байж болохгүй л дээ.
-Ардчилсан намын зургаан сайд гарчихлаа. Тэгэхээр хуулийн дагуу засаг огцрох уу, үгүй юу?
-Ардчилсан нам хууль дүрмээ баримтлаад яв гэдэг л зүйл хэлнэ. Хуулийн хувьд бол 50 хувь нь гарч байж засаг огцрох ёстой. Одоо бол Засгийн газар ямар сайдаа томилно, хэнийгээ хална сэлгэнэ Ардчилсан намд огтхон ч хамаагүй. Сөрөг хүчнийхээ байр суурийг илэрхийлээд явна.
-Энэ мэдэгдлийг хийхэд Ардчилсан намын ихэнх гишүүд мэдээгүй гэж байсан. Таны хувьд мэдэж байсан уу. Н.Алтанхуяг даргын хувьд гишүүддээ хэлэлгүйгээр мэдэгдэл хийсэн нь бас сонирхол татаад байна л даа?
-Миний хувьд мэдээгүй байсан. Өмнө нь би энэ засагтай хамтраад явж болохгүй олон хүчин зүйл байна, хууль дүрмээрээ явбал яасан юм гэсэн байр суурийг илэрхийлж Iбайсан. Тийм ч учраас дэмжиж хүлээж авсан. Харин намын даргын хувьд гишүүдтэйгээ ч яриагүй, Гүйцэтгэх зөвлөлөөр ч ороогүй гэхээр намын даргын хувьд өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байх гэж бодож байна.
-Нэлээд дээр Та нэг ярилцлагадаа "Сүргийг зөвхөн азарган чоно л тулаанд дагуулж ордог" гэсэн байсан. Ярилцлагыг уншаад байхад намынхаа даргыг илтэд голсон байдаг. Энэ талаар?
-Би эртний суут хүний үгийг хэлсэн санаатай юм. Түүнийг л тухайн үеийн намын байр суурьт илэрхийлсэн юм. Нэг юм харж байхад манай нам МАН-ын гаргаж байсан олон ааш аягийг дагалдаж байсан. МАН-ын гаргасан шийдвэрийг үг дуугүй хүлээж авдаг тийм байдал үүсчихсэн байсан л даа. Түүнийг л хэлсэн хэрэг. Одоо бол зөв явж эхэллээ. Аль нэг асуудал дээр зөвшилцөөд яваад байхгүй л гэсэн үг. Зөвшилцөнө гэдэг өөрөө нэг их сайн зүйл биш шүү дээ.