Лондон хот 10 жилийн дотор замын түгжрэлгүй болж чадсан
2011.10.18

Лондон хот 10 жилийн дотор замын түгжрэлгүй болж чадсан

Их хотын хамгийн хүнд асуудлын нэг нь замын түгжрэл. Лондон, Нъю-Йорк, Токио, Сингапур зэрэг дэлхийн зарим хот хэдийнэ энэ асуудлаа бүрэн шийдвэрлэжээ. Та бүхэнд Лондон хот замын түгжрэлээсээ хэрхэн ангижирсныг сонирхуулъя.

 

Их Британийн Лондон хотын таксины жолооч нар гэнэн, итгэмтгий жуулчдыг замын түгжрэлийн түүхээрээ хуурах дуртай. Тэд «Өчигдөр Парк-Лейнээс Хитроу онгоцны буудал хүртэл гурван цаг явсан. Замын түгжрэлээс болоод үйлчлүүлэгч маань Сидней рүү нисэх он гоцондоо сууж чадаагүй» хэмээн хошигнох нь энүүхэнд. Үнэхээр 10 жилийн өмнө ийм түгжрэл энэ хотод үүсдэг байжээ. Жуулчдын тасралтгүй урсгал, ачаалал нь хэтэрсэн метро, нарийн гудамж гээд замын бөглөрөл үүсэх олон хүчин зүйл тэнд байлаа. Англи улс 1980-аад оны дунд үе хүртэл 1950-1970 оны хооронд үүссэн замын түгжрэлтэй тэмцсэн ч ямар ч үр дүн гарсангүй. Ингээд Маргарет Тэтчер 1985 онд Лондон хотын өөрөө удирдах ёсыг халснаар дарга нь бэлгэдлийн чанартай болж, 33 дүүрэг нь биеэ даажээ. Үүнээс хойш иргэд хотын төв рүүгээ машинаар 15 км/цагийн хурдтай явах хүсэлгүй болсон юм.

 

1997 онд Лейборист намаас засгийн эрхэнд гарсан Тони Блэйр хотын өөрөө удирдах ёсыг дахин сэргээснээр Лондон хот даргаа сонгодог болж, асуудлуудаа шат дараалан шийдвэрлэж эхэлсэн байна. 2000 онд Кен Ливингстон гэгч эр Лондон хотын дарга болмогцоо тээврийн асуудалд анхаарлаа хандуулжээ. Тэрбээр амьдрал дээрээ ч ардчилагч байж, ажилдаа нийтийн тээврээр явдаг байсан. Хотын дарга хэд хэдэн өвөрмөц шийдвэр гаргахдаа хэнээс ч эмээсэнгүй.

 

Ливингстоны шийдвэрээр 2002 оноос эхлэн Сити, Вест-Энд, Вестминстер, Сохо зэрэг хотын төвийн дүүрэгт нэвтрэхэд татвар авдаг болов. Тодруулбал 07:00-18:30 цагийн хооронд зорчиход таван фунтын татвартай, үлдсэн хугацаанд үнэгүй. Мөн Лондоны төв хэсгийн 21 км.кв бүсэд видео камер суулгаж, Замын хөдөлгөөнийг удирдах газар машины урсгалыг хянах болжээ. Хотын төвөөр зорчсон жолооч болгон оройн 22:00 цагаас өмнө банк, дэлгүүр, интернэтээр дамжуулж татвараа төлөх ёстой. Хэрэв мартвал таван фунтын татвар маргааш нь 50 болж нэмэгддэг. Энэ татвараас яаралтай албаны машин, такси, мотоциклыг чөлөөлжээ. Түүнчлэн хотын төвийн дүүргийн оршин суугчид, төвөөр байнга зорчдог жолооч нар тодорхой хэмжээний хөнгөлөлт эдэлдэг байна.

Даваагаас баасан гариг хүртэл 07:00-18:30 цаг хүртэл төлбөргүй зорчих замын тэмдэглэл

Ливингстоны гаргасан шинэлэг ажлуудыг эхлээд олон нийт эсэргүүцсэн. Худалдаачид худалдан авагчдын тоо буурч байна хэмээн гомдоллож байв. Сүүлдээ Оксфордстритийн дэлгүүрүүдийн барааны үнэ татвар тогтоогоогүй гудамжуудын худалдааны төвтэй харьцуулахад найман хувиар буурчээ. Автомашин эзэмшигчид хамтран шинэ татварыг эсэргүүцсэн сайт хүртэл ажиллуулж байлаа.

 

Хэдий тийм ч хотын сан хөмрөг эхний жилд л 80 сая фунтээр баяжсан байна. Аажмаар энэ татварыг эсэргуүцэгчид цөөрч, шинэ дүрэм журамдаа дасч эхэлжээ. Хотын төвөөр явах машины тоо 40 хувиар багасч, ажлын үр дүн илт харагдах боллоо. Лондончуудын ихэнх нь хувийн машинаа хөлөглөхөө байж, нийтийн тээврээр зорчдог болсон байна. Хотын дарга К.Ливингстоны багийнхан ч шинэ өөрчлөлтөд бэлэн байж, хотын төвийн замыг төлбөртэй болгохоос өмнө автобусуудын тоог нэмж, маршрутыг өргөтгөн, тэр бүү хэл нийтийн тээвэр, такси зорчих замын эгнээг гаргасан юм. Энэ эгнээгээр хувийн машинтнууд зорчвол өндөр торгууль төлдөг. Лондоны их ачаалал автобусанд төдийгүй газар доорх метронд ч нөлөөлсөн. Шинийг санаачлагч дарга үүнийг ч урьдчилан харсан байлаа. Нийтийн тээвэр өндөр өртөгтэйн дээр ашиг багатай салбар. Тиймээс Лондон хотын дарга К.Ливингстон тээврээс олох орлогыг хотын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлжээ. Тухайлбал 2006 онд 122 сая фунтыг энэ салбарт зарцуулсан ч хангалтгүй байлаа. Дэлхийн хамгийн эрт-ний газар доорх тээврийг (сонирхуулахад Лондоны метро 1863 онд анх үүссэн) бүрэн шинэчлэхэд хотын төсөв хүрэлцсэнгүй. Иймээс хувьсгалт шийдвэр гарч, газар доорх тээврийг хувь, орон нутгийн хамтарсан өмч болгов. Метрог урьдын адил хот эзэмшинэ. Гэхдээ үйлчилгээг нь хувийн компаниуд хариуцаж байлаа. Энэ хөтөлбөр удаан хугацааны турш үргэлжлэх тул эдийн засгийн үр ашгийг нь хэлэхэд эрт байгаа Гэвч К.Ливингстон зөв замаар явсныг өнөөгийн Лондоны гудамжны хөдөлгөөн баталж байна.

 

Лондон хот замын хөдөлгөөний дүрмээ чангаруулжээ. Өдгөө тус хот зам тээврийн гэмт хэргийг хүнд, хөнгөнөөс нь шалтгаалж, тав хуваадаг. Хамгийн бага торгууль бол 200 фунт. Гэтэл тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон тохиолдолд 5000 фунтын торгууль төлөх жишээтэй. Ийнхүү мөнгөөр торгохоос гадна торгуулийн оноо гэж бий. Хэрвээ жолооч гурван жилийн дотор 12 оноо авбал машин жолоодох эрхээ зургаан сараар хасуулдаг.

 

К.Ливингстон автомашнны зогсоолыг ч мартсангүй. Гудамжинд машинаа үлдээ-сэн жолооч цагт дөрвөн фунт төлнө. Мөн нэг газраа хоёроос дээш цаг зогсохыг хоригложээ. Эдгээр журмыг зөрчвөл бас л торгууль төлж, машинаа ачуулах аюултай.

 

Харин манай Улаанбаатар хотын түгжрэл ийм л байна.

 

Хотын даргын энгийн хэрнээ хатуу хөтөлбөрүүд хэрэгжсээр байна. Гэвч К. Ливингстон ингээд зогсохыг хүссэнгүй. Тэрбээр 2007 онд төлбөртэй зорчих бүсээ улам тэлж, авах татварыг нэмэгдүүлсэн. Энэ нь олон хүний дургүйг хүргэжээ. Түүнчлэн Ливингстон «Car Sharing» хэмээх журмыг шинээр батлав. Энэ нь ойролцоо ажиллаж, амьдардаг хүмүүс дундаа нэг машин хэрэглэх арга юм байна. К.Ливингстоны санаачилсан эдгээр хөтөлбөрийн үр дүн хараахан гараагүй. Учир нь бие биедээ итгэдэггүй хотын иргэд танихгүй хүн машиндаа суулгахыг тэр бүр хүсэхгүй. Гэвч замын түг-рэлийгт сааруулж чадсан К.Ливинтстоны энэ арга ч мөн удахгүй амьдралд хэрэгжих биз ээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.