Автозамын салбарын чадавхийг бэхжүүлнэ
- 5572 км хатуу хучилттай зам, 990 км хурдны зам барихаар зорьж байгаа
- “Замын сан” бүрдүүлэх механизмыг боловсронгуй болгох шаардлагатай
“Автозамын салбарын чадавхийг бэхжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд автозамын салбарын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, замын сүлжээний ашиглалтын бэлэн байдлыг хангах, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх, салбарын байгууллагуудын бэхжүүлэх зорилт тавьж байна.
Энэ онд багтан бэлтгэл ажлаа хангах бөгөөд 2016 он гэхэд бүрэн хэрэгжүүлж дуусгах юм. Хөтөлбөрийг улс, орон нутгийн төсөв, “Замын сан”, гадаад орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалт, хандив зэргээс санхүүжүүлэхээр тооцоолжээ.
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд 2016 он гэхэд нийслэлийн автозамыг шинэчлэн сайжруулж, аймгийн төвүүдийг нийслэл болон ойролцоох хилийн боомттой холбосон 5572 км хатуу хучилттай зам, 990 км хурдны зам барихаар зорьж байгаа.
Өнөөгийн байдлаар автозамын үндэсний компаниудын чадавхи дээрх зорилтыг хангах түвшинд хараахан хүрээгүй, замын салбарт мэргэшсэн хүний нөөц ч дутмаг байна. Тухайлбал манайд автозамын 500 орчим инженер, 5 мянга гаруй мэргэшсэн ажилчин байгаа бөгөөд инженерийн тоог 2 дахин, мэргэжсэн ажилчдын тоог 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.
Мөн автозамын салбарын хөрөнгө оруулалтын төлөвлөлт оновчтой биш, хэрэгжилт, үр ашиг хангалтгүй байгаа нь хөрөнгө оруулалтын бодлого, хэрэгжүүлэх зохистой арга механизм бий болгох шаардлагатайг харуулж байгаа юм.
Түүнчлэн “Замын сан”-гийн хөрөнгө хүрэлцээгүй байдгаас зайлшгүй шаардлагатай зам засвар, арчлалтын дөнгөж 30 орчим хувийг гүйцэтгэдэг байна. Иймээс “Замын сан” бүрдүүлэх механизмыг боловсронгуй болгох, засвар арчлалтын санхүүжилтийг нэмэгдүүлж, ээлжит засварыг байнга хийж хэвшүүлэх хэрэгтэй байгаа гэж Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам үзжээ.
Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн “Автозамын салбарын чадавхийг бэхжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.