100 жилийн баталгаа
-Монголын хүний ур ухаанаар баригдсан гүүр ашиглалтад орлоо-
Монголд анхны өрөмдлөгөн суурьтай хайрцган дам нуруут гүүр ашиглалтад орлоо. Налайх Тэрэлжийн замд байрлах эл Горхийн гүүрийг 100 хувь монгол ажилчинтай Гангүүр" компани ашиглалтад оруулсан нь монголчуудын хувьд том бахархал. Учир нь, манайд замын ачааллыг үүрч буй томоохон гүүрүүдийг 1950-1970 онд орос болон урд хөршийн ажилчин анги барьж өгсөн гэдэг.
Тиймээс ч урд хөршийн барилгачдыг царайчилдаг байсан үе ард хоцорч монгол хүн, монгол компани барилга, зам гүүр барьж чаддаг гэдгийг харуулж чадлаа хэмээн нээлтэд оролцогчид хэлж байлаа. Тэрэлж орчмоор жуулчны бааз, байгалийн үзэсгэлэнт цогцолбор олонтой учраас манай орныг зорин ирж буй жуулчдын ихэнх нь тус газрыг зорьдог.
Иймээс Налайх-Тэрэлжийн замд байрлах энэхүү гүүрийг шинээр барьж ашиглалтад оруулснаар Монгол Улсад зам харилцаа хэрхэн хөгжиж байгааг харуулах тод жишээ болох юм. Гүүрний нээлтэд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Авто тээврийн газрын дарга Г.Энхтөр, Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр оролцсон. Мөн улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож хөлс дуслуулан ажилласан тус компанийн залуус нээлтэд оролцсон юм. Хэдийгээр барилгын материал, түүхий эд шатахууны үнэ нэмэгдэж хүндрэл бэрхшээл учирсан ч "Гангүүр" ХХК гүүрний барилгын ажлыг амжилттай хийж ашиглалтад оруулж байгаа гэлээ. Гүүрний зураг төслийг 2006 онд ЗТБХБЯ, Авто замын газрын захиалгаар "ГХБЭТ" ХХК хийж "Гангүүр" ХХК 2007 оны наймдугаар сараас эхлэн барьж эхэлжээ.
Манай улсад ийм төрлийн дөрвөн гүүр байдаг аж. Гурвыг нь хятадууд барьсан аж. Хуучин модон гүүрний ашиглалтын хугацаа нь дууссанаас осол гарахгүй гэх үндэслэлгүй байсан аж. Иймээс жолооч нарын дунд тус гүүрийг "дүүжин гүүр" хэмээн шоглох яриа ч гарсан байдаг гэнэ. Хуучин гүүр нь 1962 онд ашиглалтад орж байсан. Энэ хугацаанд хоёр удаа их засвар хийжээ. Харин одоо тус гүүрийг янзлаад явган хүний гүүр болгохоор төлөвлөж байгаа аж.
100 жилийн дараа их засварт орно
Монгол Улсын Хөдөлмөрийн баатрууд зөвлөхөөр ажилладаг "Гангүүр" ХХК-ийн зөвлөх инженер Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Базаргүрээс зарим зүйлийг тодрууллаа.
-Зам, гүүрний ажил хийхэд төсөв хөрөнгөн дээр их асуудал үүсдэг. Ер нь, Горхийн гүүрийг барихад төсөв хөрөнгө хэр хүрэлцээтэй байв?
-2.4 тэрбум төгрөгөөр босож байгаа. Харин үнийн өөрчлөлтийн зөрүү 800 гаруй сая төгрөг гарсан.
-Томоохон гүүрний барилгын ажлыг хийхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Гол нь хөрөнгө санхүүгийн л бэрхшээл байна. Тэрнээс орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, ажиллах боловсон хүчин гээд бүгд л бидэнд байна.
-Гүүрт тулгуур хамгийн чухал гэдэг. Тэгэхээр уг гүүрний тулгуурыг хэрхэн босгосон бэ?
-Дөрвөн цооногийг доошоо 13 метр гүнзгий суулгаж, ханыг нь шавраар бэхжүүлсэн. 42 метрийн алгасалтай уг гүүрийг томоохон хотуудад далай тэнгист барьдаг гүүрний стандартын дагуу барьсан.
-Гүүрний даац хэр вэ. Мөн ашиглалтын хугацаа хэдэн жил гэж үзэж байгаа вэ?
-Манайд одоо явж байгаа машин техникийг бүгдийг нь даана. Тэр даац нь 114 тонн гэж үзэж болно. Урт нь 211метр, өргөн нь 10 метр. Ашиглалтын хугацаа гэж байхгүй. Ямар ч байсан их засварт 100 жилийн дараа орно. Харин уснаас үүсэх эвдрэл гэмтлээс хамгаалж байх хэрэгтэй.
Монголчууд өөрсдөө барьсан анхны том гүүр
ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас цөөн асуултад хариу авлаа.
-Горхийн гүүрний онцлог гэвэл?
Энэ бол монголчууд өөрсдөө анх удаа барьж байгаа том гүүр. Энэ 211 метр гүүр маань Тэрэлж Хэнтий рүү хандсан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон түлхэц өгөх юм. Гүүрний барилгын ажлыг 2008 оноос эхлээд хийж, 2009 оны эдийн засгийн хямралын үед нэлээн хүнд байдалтай байж байгаад өнгөрсөн онд эхлүүлээд дуусаж байгаа юм.
-Зам гүүрний ажлын явцад үнийн зөрүү гэж гарч байна. Үүнийг уг компанид төрөөс олгож өгөх үү?
-Улсын төсөв дээр зам гүүрний компаниуд тодорхой хэмжээний алдагдал хүлээсэн байгаа. Алдагдлыг төсвөөс олгох ёстой. Энэ жилийн төсөвт дээрх алдагдлын 50 хувийг суулгаж өгсөн.
-Манай улсад нийт хэдэн гүүр байна вэ. Одоогоор гүүр барилгын ажил хэрхэн явж байна вэ?
-Жижиг,том нийлсэн 600-гаад гүүр байгаа. Үүний 200 гүүр нь том голууд дээр бий. Улаанбаатар хотыг тойрсон 10 гаран гүүр байдаг. Хотын доторх гүүр гэвэл Гурвалжингийн гүүрийг засаад дууссан, Маршалын гүүрийг шинээр бариад энэ жил ашиглалтад оруулсан. Мөн Баянзүрхийн гүүрний их засварыг хийсэн. Цаашдаа Энгельсийн гүүрийг оны сүүлээр ашиглалтад оруулна. Гүүрнүүдийн дундаж насжилт нь 40-50 жил болчихсон. Урд нь барьж байсан гүүрнүүд технологийн хувьд хүндрэлтэй байсан. Иймээс одоо бараг бүх гүүрэнд засвар хийж байна.