Шинэ Оросын улстөрийн гэмт хэргүүд
2011.09.01

Шинэ Оросын улстөрийн гэмт хэргүүд

 
  • Энэ бол Орос оронд сэтгүүлч гадны нөлөөний улмаас амиа алдсан анхны тохиолдол болсон юм.
  • Хэвлэлүүд тухайн үед уг хэргийг бизнесийнхэнд анхааруулга болох үүднээс зохион байгуулсан гэж бичиж байсан аж
  • Дэслэгч генералын үхэлд Дотоод яамны "хар хүрэмтнүүд" буруутай хэмээн тодорхойлдог байна.
  • Москвагийн удирдлагууд хэргийн буруутнаар тус бүс нутгийн салан тусгаарлах үзэлтэй бүлэглэлийг нэрлэдэг юм.
  • Харин Андрей Козловын үхэлд буруутай байж болох хувилбар нь түүний нэр хүнд өсч байсантай холбоотой
  • Замыг хааж байгаад түүний амийг хөнөөсөн гэж шинжээч мэдэгдсэн байна.

Шинэ Орост болсон эзэн холбогдогчгүй улс төрийн гэмт хэргүүдийг "BBC" агентлаг бичжээ.

Тэдний уламжилснаар доорх хэргүүдийн үйлдэгчид өнөөг хүртэл олдоогүй аж. Эдгээр хүн улс төрийн ашиг сонирхлын үүднээс бусдын гарт амиа алджээ. "Правда" сонины өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дугаарт бичсэнээр шинэ Оросын үед болсон дийлэнх гэмт хэргийн эзэн холбогдогч олдоогүй байдаг. Хойд хөршийнхөн энэ үеийг Орос орны самуурлын үе хэмээн нэрлэсэн байдаг.

 

Анхны дуулиант гэмт хэрэг

 

Орост өрнөсөн ардчилсан хувьсгалын дараа тус улсад чөлөөт хэвлэлүүд хүчээ авч байв. 1994 оны аравдугаар сард Москвагийн эрэн сурвалжлах сонины сэтгүүлч Дмитрий Холодовын гар цүнхэнд тэсрэх бөмбөг хийж дэлбэлсний улмаас тэрээр амиа алджээ. Хэвлэлүүд тухайн үед энэ хэрэгт Дотоод явдлын яамныхныг сэжиглэж байсан аж. Хууль сахиулагчид До яамны нэр бүхий ажилтнуудыг шалгасан ч сэжигтэй хүн илрээгүй гэх нэрийдлээр Дмитрий Холодовтой холбогдох хэргийг хаасан байна. Харин хэвлэлүүд 2003 онд энэ хэргийн буруутнаар Москвагийн цэргүүдийг нэрлэж эхлэв. Шүүх ажиллагаа дахин эхэлж, нэр бүхий цэргүүдийг мөн оны зургаадугаар сард шалгасан ч хэргийн баримт дутуу гэдэг шалтгаанаар сэтгүүлчийг хөнөөсөн гэмт хэрэг шийдэгдэлгүй хаагджээ. Энэ бол Орос оронд сэтгүүлч гадны нөлөөний улмаас амиа алдсан анхны тохиолдол болсон юм.

Бизнесийнхэнд анхааруулга болов

Санкт-Петербургийн тойргийн ахлагч, 37 настай Михаил Маневич 1997 оны наймдугаар сарын 18-ны өглөө ажил руугаа явах замдаа үл мэдэх этгээдүүдэд буудуулж амиа алджээ. Тэрээр 1990 онд нөлөө бүхий хувьцааг найз Анатолий Чубайсдаа шилжүүлж байсан аж. Ахлагчийн үхэлд 2005 онд Анатолий Чубайсыг сэжиглэн баривчилсан ч удалгүй гэм буруугүй хэмээн хэргээс мултарчээ. Хэвлэлүүд тухайн үед уг хэргийг бизнесийнхэнд анхааруулга болох үүднээс зохион байгуулсан гэж бичиж байсан аж.

Дараагийнх нь дэслэгч генерал

ЗХУ-ын хийсэн Афганистаны дайн, 1994-1996 онд болсон Чеченийн I дайнд удирдах үүргийг чадварлагаар гүйцэтгэж явсан дэслэгч генерал Лев Рохлин 1998 оны зургаадугаар сарын 3-нд Москва дахь гэртээ буудуулж амиа алджээ. Тухайн үед эл гэмт хэрэг олны анхаарлыг аргагүй татаж байв. Учир нь үүний өмнө хэд хэдэн хурандаа учир битүүлгээр амиа алдсан байна. Шүүх 2000 оны арваннэгдүгээр сард Лев Рохлины үхэлд эхнэр Тамараг нь сэжиглэж есөн жилийн хорих ял оногдуулжээ. Гэвч оросууд энэ хэрэгт эхнэрийг нь буруутай гэж үздэггүй аж. Дэслэгч генералын үхэлд Дотоод яамны "хар хүрэмтнүүд" буруутай хэмээн тодорхойлдог байна.

Галина Старовойтова, Андрей Козлов, Чеченийн анхны Ерөнхийлөгч Ахмат Кадыров нар

Хүний эрхийн төлөө тэмцэгч хэрэггүй

ОХУ-ын улстөрч, хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч Галина Старовойтова 1998 оны арваннэгдүгээр сарын 20-нд Санкт-Петербург хотод буудуулж амиа алдав.  Тэрээр урьд нь Дотоод явдлын яамныхан болон хууль сахиулагчдыг хүний эрх зөрчдөг тухай илтгэлээ олон ч удаа тавьж байжээ. Холбооны улсын шүүх 2005 онд түүний үхэлд Юрий Колчин, Витали Акиншин нарыг сэжиглэж Галина Старовойтовагийн амийг хөнөөсөн хэмээн үзэж тэдэнд хорих ял оногдуулжээ.  Гэхдээ хэн, ямар зорилгоор хүний эрхийн төлөө тэмцэгчийг буудаж хөнөөсөн тухай шүүх мэдэгдээгүй аж. 2009 онд эл хэргийн хавтаст хэргийг дахин сөхөж байжээ.

Кремлиэс зохион байгуулсан халдлага байв уу

Москвагаас томилогдсон Чеченийн анхны Ерөнхийлөгч Ахмат Кадыров 2004 оны тавдугаар сарын 9-нд Грозны хотын цэнгэлдэхэд тавьсан тэсрэх бөмбөгөнд өртөж амиа алджээ.  Хачирхалтай нь долоо хоногийн өмнө цэнгэлдэхийн Ерөнхийлөгч суух хэсгийг шалгасан гэх Чеченийн Аюулгүй байдлын албаны хоёр ажилтан уг хэргийн дараа ор сураггүй алга болсон гэдэг. Иймээс ч Кремлийн эсрэг үзэл баримтлах болсон гэх таамаглал бий болжээ. Харин Москвагийн удирдлагууд хэргийн буруутнаар тус бүс нутгийн салан тусгаарлах үзэлтэй бүлэглэлийг нэрлэдэг юм. Тэрээр Ахмат Кадыров Оросын армитай хамт Чеченийн I, II дайнд оролцож явсан цэргийн чадварлаг удирдагч байжээ.

Төв банкны дэд тэргүүний нэр хүнд өсч байсан ч...

Оросын Төв банкны дэд тэргүүнээр ажиллаж байсан Андрей Козлов 2006 оны есдүгээр сарын 13-нд автомашины осолд орж амиа алджээ. 2008 оны арваннэгдүгээр сарын 13-нд уг хэргийн сэжигтнээр "VIP" банкны тэргүүн Алексей Френкэлийг нэрлэж, 19 жилийн хорих ял оногдуулав. Мөн үүнд Алексей Половинкинийг буруутгаж тодорхой ял шийтгэл оногдуулж байжээ. Гурван сарын дараа Френкэлийн банкийг улсын мэдэлд шилжүүлсэн байна. Тэрбээр өөрийгөө хэлмэгдсэн хэмээн үзсээр байгаа аж. Френкэл шүүх хурлын өмнө "Коммерсант" сонинд өгсөн ярилцлагадаа "Миний өмчийг булаахын тулд намайг хэрэгт холбогдуулсан" хэмээсэн гэдэг. Харин Андрей Козловын үхэлд буруутай байж болох хувилбар нь түүний нэр хүнд өсч байсантай холбоотой гэж зарим улс төр судлаач тодорхойлдог байна.

Анна Политковская, Станислав Маркелов, Адилгирей Магомедтагиров, Наталя Естемирова нар

"Новая газета" сонины сэтгүүлч буудуулжээ

Улс төр, эрэн сурвалжлах "Новая газета" сонины сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмцэгч Анна Политковская 2006 оны аравдугаар сарын 6-нд Москвагийн Лесная гудамжинд буудуулж амиа алджээ. Тухайн үед сэтгүүлчийн явж байсан замыг хааж байгаад түүний амийг хөнөөсөн гэж шинжээч мэдэгдсэн байна. Анна Политковская Чеченьд орос цэргүүдийн дураараа аашилж байгаа тухай хэд хэдэн даацтай сурвалжлага хийж байсан аж.  Хууль сахиулагчид 2007 оны наймдугаар сард сэтгүүлчийн үхэлд холбоотой гэж Чеченийн ах дүү, цэрэг, мэргэн буудагч нийлсэн 10 хүнийг баривчилж, зохих ял оногдуулжээ. Гэхдээ тэд урьд нь хүн амины хэргээр Чеченьд ял сонсож байсан хэмээн "Новая газета" сонины удирдлагууд мэдэгдэж байсан аж.

Тусгайгийн хар масктай залуус аллага үйлджээ

Москвагийн хуульч, 34 настай Станислав Маркелов болон "Новая Газета" сонины сурвалжлагч Анастасия Бабурова 2009 оны нэгдүгээр сарын 19-нд Кремлиэс холгүй Пречистенка гудамжинд буудуулан амиа алджээ.  Тухайн үед хэргийг тусгайгийн хар масктай залуус үйлдсэн байна. Станислав Маркелов Чечений хүний эрхийн төлөө тэмцэгч байжээ. Оросын үндсэрхэг үзэлтэй бүлэглэл түүнийг утсаар заналхийлж байсан гэдэг.  Харин Анастасия Бабурова нь неонацизм болон арьс өнгөөр ялгаварлахын эсрэг үзэл баримталж, энэ тухай нийтлэл бичдэг байжээ. Энэ хоёр хүний үхлийн буруутан өнөөг хүртэл тодорхойгүй байна.

До яамны сайдыг хөнөөжээ
 

Дагестаны Дотоод явдлын сайд, лалын радикал үзэл баримтлагч Адилгирей Магомедтагиров 2009  оны зургаадугаар сарын 5-нд Махачкала хотод бусдад хорлогдож амиа алджээ. Түүнийг зоогийн газрын ойролцоо коллежийн оюутнуудын баярын ёслолын ажиллагааны үеэр явж байхад нь мэргэн буудагч хөнөөсөн байна. Дагестаны иргэд эл хэргийн буруутнаар Оросын тусгай албаныхныг нэрлэдэг аж. Сайд амиа алдахынхаа өмнө Оросын тусгай албаныхантай тааруу харилцаатай байсан гэж түүний ойрын туслах ярьжээ.

Хүний эрхийн төлөө тэмцэгчийн эмгэнэлт үхэл

Хүний эрхийн байгууллагын гишүүн, сэтгүүлч, 50 настай Наталя Естемирова 2009 оны зургадугаар сарын 15-нд амиа алджээ. Түүнийг нас барснаас хэдэн цагийн дараа цогцос дээр нь Ингушет маягийн тамга тавьсан байсан гэж хэргийн газар анх очсон эргүүлийн цагдаа ярьсан байна.  Тэрээр Орост хүний эрх зөрчигддөг тухай нийтлэл бичиж, түүгээрээ олон улсын хүний эрхийн байгууллагуудаас өндөр үнэлгээ авч байсан аж. Наталя Естемирова хүний эрх зөрчигдөж байгааг Кремлийн эрх баригчдын сонорт хүргэхийн тулд жагсаал зохион байгуулж байжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.