“Боолууд”-ын бослого одоо аль улсад дэгдэх бол?
2011.08.18

“Боолууд”-ын бослого одоо аль улсад дэгдэх бол?

ОХУ-ын тоймч А.Колесниченкогийннийтлэлийг орчуулан хүргэж байна. Тэрбээр “Лондоны хувилбараар цагаачдын бослого манайд гарч болзошгүй” хэмээн сэрэмжлүүлжээ.

 

Их Британийн эрх баригчид саяхны эмх замбараагүй байдлын шалтгааныг удаан хугацааны турш шүүн хэлэлцэх нь тодорхой. Харин иймэрхүү явдал Орос оронд давтагдахаас сэргийлэн Лондон ба үүний өмнө Парист дэгдсэн үймээн, самууны гунигт туршлагыг анхааралтай авч үзэх ёстой. Лондоны үйл явдлын талаар ОХУ-ын иргэн С. Фёдоров “Эмх замбараагүй явдал дэгдсэн эхний өдрүүдэд Английн цагдаа нар өөрсдөө нуугдаж бүгэцгээсэн. Мөн Ерөнхий сайд нь амарч байсан. Их Британийн нөгөө магтаад байсан хуулиуд ямар ч нэмэргүй байлаа” хэмээн тэмдэглэжээ. Үнэндээ бол бөөн бөөнөөр түрэмгийлэл үйлдэж, дээрэм тонуул хийх явдалд улс орон нь бэлэн байгаагүйг Их Британийн удирдагчид хүлээн зөвшөөрсөн. Цагдаа нарт тусламж цагтаа ирээгүй бөгөөд энэ үед Английн иргэд өөрсдөө гудамжуудад эргүүл хийж байжээ.

 

Английн түшмэд амралтаас яаралтай буцан ирсний дараа Их Британийн хууль сахиулах систем түргэн авч, хэр бат бөх, шуурхай, оновчтой ажилладгаа харууллаа. Ингээд олон тооны ажиглалтын камеруудад бичигдсэн үймээн дэгдээгчид, тонуулчдыг эрэн сурвалжилж, тэдний зургийг хөдөлгөөнт видео дэлгэцүүдээр олон нийтэд харуулж эхэлсэн. Мөн цагдаа нарын эрх мэдлийг нэмж, тусгай хэрэгсэл хэрэглэх эрх олгов. Тэд залуусыг бөөнөөр цугларахыг таслан зогсоож, өсвөр насныхны нүүрний багийг хуу татан авч байлаа. Гэхдээ энэ бүх арга хэмжээ баривчлагсдын хууль ёсны эрхийг үгүйсгээгүй. Английн шүүх газрууд 24 цагийн ажлын горимд шилжжээ.

 

Ерөнхий сайд Д.Камерон парламентын яаралтай хуралдаан дээр мэдэгдэл хийсэн. Парламент цаашид авах арга хэмжээг авч хэлэлцэн, улмаар нийгмийн хөнгөлөлт тэтгэмжийг бодлогогүйгээр тараадаг асуудлаа эргэн харахаар болов.

 

Харин ОХУ-д цагаачлалын талаар бүрэн хэмжээний бодлого явуулах асуудлыг одоо л авч хэлэлцэж байгаа бөгөөд ойрын үед батлах юм. Гэхдээ ЗХУ бутарсны дараа Орос оронд аль хэдийн сая сая цагаачид суурьшчихсан. Шинжээчид “ОХУ-д 5 сая хүртэл хууль бус цагаачид байгаа” хэмээн тооцоолон гаргажээ. Тэдгээрийн ихэнх нь Азийн эрчимтэй ядуурч байгаа улсуудаас ирсэн байна.
Харин европчууд өөрсдөө цагаачдыг нэвтрүүлсэн юм. Тэд бохир ажлаа хийлгэхээр бусад орноос ядуусыг зөөвөрлөсөөр байсан. Түүнээс гадна Франц, Их Британи руу эдгээр орны колони байсан Ази, Африкийн орнууд, Карибын сав газраас хүмүүс нэмэгдэж ирэх болжээ. Алдарт эрдэмтэн Эмиль Пани “Цагаачдын эхний үе юунаас дайжиж ирснээ сайн санаж байсан. Хүмүүс шинэ газартаа бэхжихийн тулд асар их хичээл зүтгэл гаргаж, чармайдаг байв. Харин тэдний хүүхдүүд, ач нар бүгдийг, иргэншил, эрх, нийгмийн том хөнгөлөлт зэргийг бэлэн зэлэн авсан. Ингээд огт ажил хийхгүйгээр амьдрах боломжийг тэдэнд бүрдүүлээд өгчихсөн. Тэр бүү хэл тэднийг энэ нийгэмд дасан зохиц гэж ч шаардаагүй. Энэ нь харин ч тэдний амбицийг өдөөж, шинэ эх орондоо байж боломгүй өндөр шаардлага тавихын зэрэгцээ өөрсдийн бусадтай адилгүй талаа тодотгон харуулахыг дэврээжээ” хэмээн онцолж байна.

 

Европчууд хүний эрхийн төлөөх тэмцэл хэмээн туйлширч, цагаачдын хорооллуудад өвөрмөц соёлоо хадгал хэмээн өөрсдөө мөнгө өгсөөр ирсэн юм. Үүний үр дүнд гэмт хэргийн гетто олноор үүсчээ. Тэнд ажилгүйчүүд дүүрэн. Дээр нь залуус, хөвгүүд нь дэлхий ертөнцийг Африкийн ойлголтоороо харсаар л байгаа. Хямралын үед эрх баригчид нийгмийн тэтгэмжийг бууруулсан, цагдаа нар гэмт хэргийн хамсаатныг нь цааш харуулчихсан гээд тэдэнд үймээн дэгдээх шалтаг мундахгүй.

 

ОХУ-д байдал эрсдэлтэй байна. “Манайд хар ажлын хүч дутагдаж байгаа. Гэхдээ бусдын алдааг давтахгүйн тулд ажил хийхээр ирсэн ихэнх цагаачдад иргэншил олгохгүй, зөвхөн ажил эрхлэх зөвшөөрөл олгох ёстой. Өөрөөр хэлбэл Оросод амьдрахыг хүсч байгаа бол харийнхан ажиллаа, татвар төл, хууль баримтал. Харин залхуучууд, гэмт хэрэгтнүүд арил цаашаа” хэмээн “Ажил хэрэгч Орос” намын тэргүүн Борис Титов мэдэгдлээ. Улстөрч Дмитрий Орешкин “Хилээ хаахыг шаардаад байгаа хүмүүс өөрсдөө гэртээ засвар хийхдээ таджик ажилчдыг хөлсөлж л байгаа шүү дээ. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр ирж байгаа хүмүүсийн тоо тэтгэвэрт гарагсдаас 1 саяар бага байна. 1990-ээд оны хүүхдүүдийг толгой дараалан тоолсон шүү дээ” хэмээн шүүмжлэв. Цагаачдын асуудлыг судалдаг төвийн ажилтан Юлия Флоринская “2025 он гэхэд хөдөлмөрийн чадвартай хүн ам 10 саяар багасна. Гэхдээ бид эх орондоо оросууд болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудаас бидэнд ойр ментальтай хүмүүсийг авч ирж болно. Тэднийг хууль бус буюу гэмт хэрэгтэй холбоотой хөдөлмөрийн зах зээлээс гаргаж, нийгмийн нэг хэсэг болгоё” хэмээн санал болгож байна. Дмитрий Орешкин “Хүмүүс тэртэй тэргүй гаднаас ирсээр л байна. Энэ бүхнийг бид шингээж чадах уу. Манайд бас дотоод цагаачлал гэж бий. Манайхны ихэнх нь Дундад Ази эсвэл Азийн Вьетнам зэрэг орноос ирсэн дуулгавартай гадаадынхнаас илүү ОХУ-ын паспорттой кавказчуудад илүү сэжигтэй ханддаг. Иймээс 10 жилийн хугацаанд Лондоных шиг үйл явдал манайд гарах магадлал өндөр” хэмээн сэрэмжлүүлжээ.

 

Хэрэв цагаачлалын бодлого цаасан дээр үлдвэл “боолуудын бослого” гарах магадлалтайг бусад шинжээч ч үгүйсгэхгүй байна. Харин Э.Паин “Оросын нөхцөл байдал Британи, Францынхаас ялгаатай. Цагаачид эрх зүйгүй нийгмээс мөн л тийм орчин нөхцөл бүхий манайд ирдэг. Иймээс тэд манай уугуул иргэдээс ч илүүгээр нөхцөл байдалд дасан зохицож, үндэстэн угсаагаараа амьдран, яаж авилга, хээл хахууль өгөхийг сайн мэддэг. Иймээс тэд зарим салбарт тэргүүлэгч болжээ. Манай үндсэрхэг үзэлтнүүдийн уриалж байгаа шиг тэднийг хөөж гаргах, эсвэл Кавказыг салган тусгаарлавал энд тэнд эмх замбараагүй байдал үүсгэх биш харин ч улс орныг сүйрүүлэхэд хүргэнэ” хэмээн үзэж байна.


Иймээс хамгийн аюултай нь цагаачид Оросод дасан зохицохын оронд харин ч шинэ эх орныхоо сул дорой, худалдагддаг түшмэдийг өөрийн болгож өөрчлөх бололтой. Гэхдээ үүнд цагаачдыг буруутгах аргагүй.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.