Ц.Туваан: Төсвийг баялаг бүтээхэд биш хавтгайрсан халамж руу чиглүүлж байна
2020.11.05

Ц.Туваан: Төсвийг баялаг бүтээхэд биш хавтгайрсан халамж руу чиглүүлж байна

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Өнөөдөр УИХ-ын чуулганаар 2021 оны мөнгөний бодлогыг хэлэлцэж байна.  

Нөхцөл байдал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. АН-ын бүлгээс иргэдийн амьдрал яаж доройтсон мөнгөний ханш ямар хэмжээнд хүрснийг олон болсон МАН-ын бүлэгт Засгийн газарт сануулахаар өнөөдөр ийм акцыг зохион байгуулж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

Мөнгөний бодлого гэдэг бол маш тогтвортой байх ёстой. Гэтэл мөнгөний бодлогыг оруулж ирж байгаа Монголбанкны хувьд бол төгрөгийн ханшны тогтвортой байдлыг хамгийн чухал бодлогоо болгох ёстой. Гэтэл өнөөдөр долларын ханш 2860 руу ороод ирлээ. Ам.долларын ханш чангарч төгрөгийн ханш сулрахад иргэдийн сагсанд авдаг бүтээгдэхүүний үнэ өсч худалдан авах чадвар буурч байна. Өнөөдөр сүү будааны үнэ 40 хувиар өссөн ч цалин тэтгэвэр хэвээрээ байна. Монгол Улсын төсвийг өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Төсвийг бид маш их шүүмжилж байна. Бүх асуудлыг КОВИД руу чихэж байна. Ямар нэгэн баялаг бүтээхэд улсын төсөв тавигдахгүй. Харин хавтгайрсан халамж руу төсвөө чиглүүлж байна. Өнөөдөр үйлдвэрүүд хаалгаа барьж байна. Энэ асуудлуудыг чуулган дээр гаргаж тавина. Манай шаардлагыг хүлээн авахгүй бол тэмцлийн хурц хэлбэр рүү шилжинэ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: 

1991-2016 оны хооронд Монгол Улсын Засгийн газрын өр 4.7 тэрбум ам.доллар байсан. Тэгвэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газрын өр 60 гаруй хувиар буюу 3.1 тэрбум ам.доллараар нэмэгдсэн. Гэтэл эрх баригчид өрийг дарж байна гэж худал мэдээлэл өгдөг. Гэтэл энэ хугацаанд ам.долларын ханш маш их нэмэгдсэн. Өмнөх 4.7 тэрбум ам.долларын өрийг тухайн үеийн ханш болох 1700 төгрөгөөр үржүүлэх одоогийн өрийг одоогийн ханш 2800 төгрөгөөр үржүүлэхэд асар их ялгаа гарч байна. Үүний улмаас Монголын иргэн бүр 27 сая төгрөгийн өртэй байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

Дэлхийн хөгжиж буй бүх улсууд мөнгөний бодлогоороо жижиг дунд үйлдвэрлэлийг бий хөгжүүлэх, ажлын байр бий болгох зэрэгт хөрөнгө оруулалт хийдэг. Харамсалтай нь өнөөдөр төсөв бол төсөв биш болсон. Өнөөдөр улс төрчид улс төрийн нүдээр төсвөө хардаг болсон. Төсвийг өөрсдийнхөө рейтингийг нэмэгдүүлэх дахин сонгогдох хэрэгсэл болгон хувиргасан. Жишээ нь Хэнтий аймгийн нэг сумын багт 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа нь Булган аймгийнхнаас гурав дахин өндөр байна. Тэнд таван тэрбум төгрөгөөр музей байгуулж байна. Хэзээ байгуулагдаж хэн ч очиж үзэх нь мэдэгдэхгүй музей. Гэтэл Хэнтийн иргэд музей байгуулахын оронд ЖДҮ-ийн зээл өгчихгүй яав даа гэж байна.